NARAN IS HERE

Монголын уламжлалт гүн ухаан, үнэн түүх, унаган соёл эргэн ирж байна…

ХЭЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БОД Л ДОО, БАТЗАНДА-АН!

Posted by Naran on April 1, 2009

Posted in Хүмүүс, нийгэм | Leave a Comment »

МОНГОЛ УХААНЫ ОГТОРГУЙ

Posted by Naran on March 29, 2009

Дэлхий дахиныг эрхшээлдээ оруулсан өвөг дээдсийнхээ тэрхүү хүчирхэг гүн ухааныг бид өдгөөгийн монголчууддаа хэрхэн яаж ойлгуулах билээ хэмээн он цагийн тохироо, нийгмийн сэтгэлгээний янз байдлыг ажин харж сууна.
Энэ хүчирхэг ухаанаас эмээж ичсэн хятадууд Модунь шаньюгийн үед хэдэн мянган бээрийн урт цагаан хэрмийг чичирсэн гараар өрж, агуу их Грек, Ромын үр удам Атилла хааны үед сүнс нь зайлан бутарч, ерөөс энэхүү ухааны өмнө хүчин мөхөсдсөн Ази, Европ, Араб, Египет гээд дэлхий нийтээрээ Хар хорум хот руу илгээмж захидал, алт эрдэнэс, хээл хахууль, охид хатад гээд өөрт байгаа сайхан гэсэн бүхнээ илгээж, манай эцэг дээдсийг аргадан учирлаж, тандан түншиж, тайж тахиж байлаа.
Хувилай хаан Хятадыг агуу их гүрэн болгон цогцлоож, Алтан ордны хаад, жанжнууд олон хэсэг вант отгууд байсан оросуудыг нэгтгэн босгож ирсэн гайхам арга ухаан, хүч чадал бол тэр чигээрээ энэхүү монгол ухаан байсан юм. Энэ ухаанаас ундаалсан эртний Скиф, Татаар, Турк селжигүүд бусдыг сөхрүүлэх арга чадлыг олон авч, Уйгар, Түрэг, Киданчууд анхны төрт улсаа байгуулсан түүхээ эндээс эхлэн бичиж байв. Тэгээд ч нэгэнтээ бүрэн тоймоор нь ухаарсан Германы сонгодог гүн ухааны эцэг, суут гүн ухаантан Н.В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухааныг бэлэглэсэн юм” хэмээн машид шударгаар тэмдэглэн үлдээсэн байдаг бөлгөө. Түүний энэ дүгнэлт бол ямар ч нэмэр хачиргүй, чимэг зүүсгэлгүй, сэтгэл хөөрлийн шалтгаан байхгүй, бодит үнэн, бодит үнэлэлт юм. Гегелийн оюуны сангаас монгол ухааны мөн чанарыг хэтэрхий бартаг, бүдүүн тоймоор ойлгосон Адольф Гитлер орчин үеийн Германы нийгмийн амьдралд хэрэгжүүлэх гэж омгорхон хийрхэж, үүнийхээ улмаас дэлхийн хоёрдугаар дайныг өдөөн өөрөө түүндээ шатсан түүх бий.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн мөн чанарыг бүх түүхэнд ердөө ари, еврей, монгол гэсэн гурван их ухаан тодорхойлж ирсэн байдаг. Аричүүдийн ухаан эртний Египет, Грек, Ром, Перс, Арабын соёл иргэншлийг цэцэглүүлж байсан бол Еврейчүүдийн ухаан нь шинэхэн Европын буюу өрнийн соёл иргэншлийн “Загалмайлсан эцэг” болсон төдийгүй шинжлэх ухаан, материалист үзлийг агуулгын хувьд төрүүлж, өсгөж, бойжуулсан байна.
Тэгвэл монгол ухаан нь Өрнө, Дорнын оюун ухааны мөн чанар, нийгмийн сэтгэлгээний хөгжлийг ойр хооронд нь шүтэн барилдуулж, хүн төрөлхтний танин мэдэхүйн арга билгийг холбох түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Харин эдүгээ арга билгийн тэр холбоос нэгэнт байхгүй болсон учраас хэт туйлширсан шинжлэх ухааны буюу аргын механик эрчим хүч манай гаригийн озоны давхаргыг цоолж, эх газрыг цөлжүүлж, дэлхийн дулаарлыг урин дуудаж авчрав. Дэлхийн дулаарлын дундаж ердөө 2.0 хэмээр нэмэгдэхэд усан галав юүлэх тийм түвшинд хүрнэ гэж экологийн эрдэмтдийн симфозиумд оролцогчид саяхан тэмдэглэжээ. Тэгэхээр танин мэдэхүйн монгол ухаан буюу арга билгийн холбоос хүн төрөлхтөнд ямар хэрэгтэйг хэлэх нь илүүц биз. Тэгвэл дэлхий ертөнцийг мөхлөөс аврах арга билгийн энэхүү шүтэлцээг өөр хэн ч биш зөвхөн монголчууд бид л бий болгож чадна. Чадах төдийгүй тийм глобал үүрэг бидэнд оногдож байна.
Үүнийг бичигчид бид хувьдаа монгол ухааныхаа огторгуйг бүтэн цогцоор нь, дотоод мөн чанараар нь сэргээн боловсруулж, ухаарч ойлгож чадсан хэдий ч нийт монголчуудынхаа дэм тусыг авахгүйгээр нийгмийн хэмжээний үйл үзэгдэл болгож чадахгүй нь ойлгомжтой.
Манай эриний өмнөх III зуунаас эхлэн бүрэлдэж бий болсон монгол гүн ухаан нь орон шоронгүй, өнөөгийнх шиг хуулийн хүчирхийлэлгүй, тоймлошгүй олон эмнэлэг, эмчгүй, таних танихгүй олон өвчин эмгэггүй нийгмийн байгууламжийг хэдэнтээ давтан бий болгож байв. Өдгөө бид яагаад бас давтаж болохгүй гэж? Хүсвэл түүхэн тохироо нь бүрдчихээд байгаа өнөөгийн нөхцөлд энэ зорилтыг 100 жилд бус зургаан жилийн дотор л бүтээчих боломжтой билээ.
Тиймээс бидэнд энэ талаар хандсан хэнтэй ч өвгөдийнхөө оюун ухааны нууцаас дэлгэн хуваалцахад бид ямагт бэлэн байна.
Өмнөх үеэ үл тоосоор, өв уламжлал, унаган ухаанаасаа холдон холдсоор мөхлийн ирмэгт ирж, бусдын боол болохынхоо цагт эргэн ирж авагтун хэмээн хэрхэн, яаж хэрэгжүүлэх арга замыг нь ч бидэнд мөн хэлж үлдээсэн юм шүү.
Үлдээснийг нь олж үзсэний учир элэг нэгтнүүддээ хандан үүнийг тэрлэвэй.

Ш.ДАВААСҮРЭН
Т.НАРАН

Posted in Түүх, уламжлал | Leave a Comment »

ХААН ХҮНИЙ ЭРДЭМ /эрдмийг дээдлэх, төрийг засах, ардыг ачлах ёсон/

Posted by Naran on March 29, 2009

1.    Сайн бүхний үндэс – билэг оюун төгсөх
2.    Энэ ба хойт хэргийг санаж сэтгэлээ шинжих
3.    Буяны дээд багшийг шүтэх/мэдлэгтэй хүмүүсийг хүндлэх, дагах/
4.    Буруу явдалтай хилэнцэт нөхрийг үл тэвчих
5.    Гэм бүгдийн гарах орон буруу үзлийг тэвчих
6.    Шалтгаан, үрийн барилдлагыг мэдэх
7.    Эрдэм билэг төгөлдөр итгэмжит нөхрийг шүтэх
8.    Эрдэмтэй, эрдэмгүй, сайн ба муу ардыг ялган таних
9.    Худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үнэнд үл барих, зохист утгаар шинжих
10.    Арга башир ихтэй, ач тусыг үл санагч муу нөхрийг тэвчих
11.    Номын ёсоор явах/хуулийн дагуу/
12.    Олон түмний сэтгэлд нийлэмжтэй уран яруу өгүүлэх
13.    Эрдэм билгийн дайсан – залхуу хойргыг тэвчих
14.    Аливаа үйл хэргийг хийхийн өмнө нягтлан шинжих/бусдын санал сонсох/
15.    Хэр хэмжээтэй зоог барих
16.    Бууран доройтохын үндэс-үлэмж нойрыг тэвчих
17.    Эм хүний үгэнд үл орох/хамааралгүй эмийн үг/
18.    Өтгөс, нялхас, дорой буурайг үл хууран мэхлэх
19.    Уур хилэнг сайтар дарж, номхон хүлцэнгүй байх
20.    Хотол сайн явдал төгсөх
21.    Эцэг, эх болон амраг саднаа хайрлах
22.    Ард олноо эд агуурсаар гачигдуулахгүй байх
23.    Албат иргэдээ алба татвараар дарахгүй байх
24.    Хэрцгий догшин авиргүй, урсгал зөөлөн сэтгэлээр ард олноо жаргаах
25.    Өвөг дээдсийн өв уламжлалыг хадгалан хамгаалах

26.    Хамаг амьтны тусын тулд өглөгт хичээх

27.    Цаг үргэлж үнэн өгүүлэхийг хичээх
28.    Тачаал, шуналын сэтгэлийг үл хэрэгсэх
29.    Чухаг дээд гурвыг шүтэх
30.    Сайн нөхрийг шүтэх
31.    Үр хүүхдүүдээ хайрлан энхрийлж, сайн мөрд оруулах
32.    Ард олноо асран тэтгэх
33.    Албат иргэдээ номчлон тэтгэх/гэгээрүүлэх/
34.    Өөрийгөө болоод бусдыг арван буяны мөрд оруулах/зөв амьдрах/
35.    Дээдийн номыг дэлгэрүүлэх/сургаал, номлол, мэдлэг/

Posted in Түүх, уламжлал | Leave a Comment »

ЭХ ТҮҮХЭЭ ӨМӨӨРӨХҮЙ

Posted by Naran on March 29, 2009

Одоогоос хоёр жилийн өмнө дөө, та нар санаж байгаа байх, Япон, Монголын хамтарсан Чингис хааны тухай кино гарсан. Тэр киног үзчихээд шал дургүй хүрч миний найз бид хоёр хэсэг сүржигнэсэн юм. Хэдийгээр уран сайхны л кино ш дээ гээд тоохгүй орхиж болох ч цагаа тулахаар дургүй хүрээд болдоггүй юм билээ. Тэр үед бичиж байсан юмнуудынхаа заримаас сонирхуулья. Ерөнхийлөгч хариу өгсөн, Ерөнхий сайд бас хариу өгсөн, харин Японы Элчин ямар ч хариу өгөөгүй санагдана.

*       *        *

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛД
нар танаа

Монгол улсын Засгийн газар өвөг дээдэс хийгээд ирээдүй хойчийнхоо өмнө ялт хэрэг үйлдэв. Японы тэрбумтан ноён Кадакова тэргүүтэй хэсэг хүмүүст улсын төсвийн хөрөнгөнөөс 680 гаруй сая төгрөг өгч “захиалгаар” эх түүхээ сүйтгүүллээ. Эзэн дээдсээрээ бахархан омогших учиртай монголчууд бид харин ч эсрэгээр тэднийхээ өмнөөс ичиж зовох ёстой болов.
Япон, Монголын хамтарсан бүтээл гэх “Бөртэ чоно – Чингис хаан” киног үзсэн, түүхээ гадарлах монгол хүн бүхэн үүнтэй санал нэгдэх буй заа. Киног бүтээгчид Чингис хааны нэртэй “том хуушуур” хийн зарж их мөнгө олох гэсэн цорын ганц зорилго л агуулсан байгаасай гэж бодоход хүрэв. Учир нь уг кинонд гол баатруудын нэрээс өөр манай буурал түүхийн үнэнд нийцэх зүйл бараг алга. Түүхэн хүмүүсийн дүр, үйл явдлууд болон түүний учир шалтгаан, уламжлалт ёс заншил, угсаатны зүй гээд тухайн үеийн Монголын төр, нийгмийн бүх талыг танигдахын аргагүй болгон зэрэмдэглэсэн тул энэ бүх гажуудлыг тоочих гэвээс олон хуудас цаас болно.
Бид эх түүх, гүн ухаан, эзэн хаадынхаа тухай бодит үнэнийг мэдэх эрхгүй дэндүү урт удаан үеийг туулсан. Түүнийг мэдэх нь зөвхөн монголчуудад хэрэгтэй, харин бусдад аюултай байсан учир бидэнд мэдүүлэхгүй байхын тулд бүхнийг хийдэг байсан. Эх түүх бол ямар нэгэн цаг хугацааны дараа, тодорхой нөхцөл бүрдэхэд ирээдүй, улмаар одоо болон давтагддаг зүй тогтлыг тэд мэддэг байсан тул түүхийг минь мартуулах хатуу бодлогыг баримталж ирсэн юм.
Манж, Хятадууд түүхэн билэг чанарыг маань, Оросууд оюуны удамшлын генийг маань ор үндсээр нь устгасныг хэлж байна. Үүнийг бид ч бас мэдэж, мэдэхийнхээ хэрээр эцэг дээдсийнхээ эргэн ирэх түүхийн бүдэгхэн жимийг цөхрөлтгүй эрсээр эдүгээг хүрсэн билээ.
Дээрх киночид зөвхөн мөнгө л хөөжээ гэж арай өөдрөгөөр бодсон ч дэлхийд хамгийн дээр данстай та бидний эцэг дээдсийн дүр төрх, ааш араншин, билэг чанар, үйл хэргийг нь хэрхэн өөрсдийн санаан зоргоор өөрчилж, гутаан доромжилсныг эл киноноос үзсэн өв уламжлалаа мэдэх монгол хүн бүр жигшин зэвүүцэж байна. Учир нь бидний өв соёл, түүх, уламжлалд дэндүү харгис хандсан эрээ цээргүй халдлага болжээ. Энэ нь манай түүхээр тоглоод зогсохгүй мөн өнөөгийн та биднийг ч басамжлан тохуурхсан хэрэг юм.
Тэртэй тэргүй хатуу ширүүн хавчлага, хүнд хэцүү хувь заяаны эрхээр бүдэгрэн алдагдах шахсан эх түүхээ сэргээн тодруулж, өнөөгийн залуус болон хойч үеийнхэндээ үнэнээр нь хүргэх юмсан гэсэн үе үеийн монголчуудын хүсэл эрмэлзлэл, сэтгэл зүтгэл  рүү мөнгө олох гэсэн киночид зүгээр л нулимж орхисныг Та ч бас мэдэрч байгаа гэдэгт найдна.
Хаан хүний 35 эрдмийг төгс эзэмшсэн, ганц өөрийн улс бус дэлхий дахины төрт ёсыг хэдэн зуун жилээр засан тохинуулж чадсан суу билэгт гүн ухаантан, агуу их улс төрч, цэргийн суут жанжин, эзэн богд Чингис хаан болон түүний эцэг эх, эрдэмт хатад, үр хүүхдүүд, хамгийн дотнын анд, ойр тойрных нь түүнээс дутуугүй шахам их хүмүүсийг ердөө хээр талын хэсэг зэрлэг амьтдаас цаашгүй байсан мэтээр дүрслэн харуулсан нь киночид энэ талаар үнэхээр тийм л төсөөлөлтэй байсных гэхээсээ илүү халдашгүй дархан үүх түүхийг минь үл тоомсорлон хог шороо мэт үзэж, уландаа гишгэж байгаа харуусам сэтгэгдлийг төрүүлж байна.
Японы Сёгүний хаанчлалын эцэг Ёритомогоор ийм “хуушуур” хийж зарвал худалдан авагчид олдоно доо!  Их Петр хааных нь тухай ийм кино гаргасан хүнийг оросууд яах бол? Эсвэл Хятадын Цинь Ши хуанди /тэнгэрийн хөвүүн/ – ийг ийн элэглэн дооглосон бол …?  Тэгвэл яах байсныг хэн ч мэдэхгүй. Учир нь хэн ч ингэж зүрхэлсэн тохиолдол дэлхийн түүхэнд байхгүй! Харин “Шулмын шүлгүүд” нэртэй ном гаргаж, ингэхдээ эртний хаадыг нь ч, түүх шаштирыг нь ч хөндөөгүй, харин шашных нь зарим нэгэн уламжлалд харшилсан мөрүүд оруулсны учир Ираны төрөөс цаазаар авах эчнээ ял сонсоод нуугдаж амьдрахаас өөр аргагүй болсон Салман Рушид гэх нэгний тухай сонссон санагдана. Бас Тайландын эзэн хааны хөргийг хар будгаар зурсан Швейцарын нэгэн зураачид Тайландын шүүхээс “эзэн хааныг үл хүндэтгэсэн” гэсэн үндэслэлээр 75 жил хорих ял оноосныг өмгөөлөгч нар нь хэтэрхий чангадсан гэж үзэн 7 жилийн ял болгуулж шударга шийтгэл оногдуулахаар заргалдаж байгаа тухай мэдээлэл өчигдөрхөн дэлхийн даяар түгснийг сонссон биз дээ. Үндэсний мэдрэмж, үндэсний бахархал бол ийм эмзэг нандин зүйл ажгуу.
Ноён Ерөнхийлөгч өө, ноён Ерөнхий сайд аа, та бүхэн эзэн Чингис хаанд хүндэтгэл үзүүлж байна хэмээн утга агуулга хомс, ур хийц болхи амь авшиггүй хөшөөнд  сунаж мөргөх нь халаг аяглаж байсан тань үнэхээр хүндлэл байсан юм бол мөнгө “хийх” гэсэн гадаад, дотоодын хэдэн хүнд ард түмнийхээ татварын хэдэн төгрөгнөөс хайр найргүй базаж өгөн их хаанаа ингэж доромжлуулж, эх түүхээ ийн сэглүүлэхгүй байсан бус уу!!
Эхлээд хууртагдсан байлаа гэхэд эцэст нь өөрсдийн нүдээр үзсээр харсаар атлаа ийм киног Засгийн газар баяр баясалтайгаар хүлээн авсны учрыг огт ойлгосонгүй. Төр нь эх түүхээ, үндэс угсаагаа, ард түмнээ ингэж олз хайгчдад доромжлуулж, гишгүүлж, басамжлуулж болдог жишээг бид мэдэхгүй байна. Түүх уламжлалаа төдийлэн мэддэггүй багачууд маань өнгөрсөн түүхээ ийм байсан мэтээр бодож түүнээс ичиж явах вий гэхээс нурууны  хүйтэн хөлс чийхрана. Япончуудын хувьд киног дангаараа биш, түүхийн эзэн монголчуудтай өөрсөдтэй нь хамтран хийсэн нь үзэгчдийн өмнө харуулж буй  “үнэний баталгаа” юм биз ээ!
Энэ чинь бидний цорын ганц өв шүү дээ. Дэлхийн ихэнх орнуудад эд өлөг, орд харш, алт мөнгийг өвлүүлдэг бол монголчууд хойч үедээ уламжлалт гүн ухаан, төрт ёсоо өвлүүлэн үлдээснээр үр хойч нь сайн сайхан явахыг чухалчилдаг ард түмэн билээ. Гагцхүү түүнийгээ авч хэрэглэх боломж бидэнд олдоогүйгээс хэдэн зуун жилээр уруудан доройтсоор мөхлийн ирмэгт тулсан шүү дээ. Гэвч цаг наашаа эргэсэн энэ өдрүүдэд биднээс өрсөн харийнхан өв хөрөнгийг маань ухан төнхөж, түүнийг хог новш болгон олз хайж сууна. Олз хайгаад зогсохгүй хамгийн түрүүн Монголын Засгийн газарт өөрт нь дээд зэргийн өндөр үнээр зарчихлаа шүү дээ!
Эл дашрамд өгүүлэхэд, энэхүү кино нь Монгол, Японы ард түмний эдүгээ болон хойшдын харилцаанд яав ч “сайхан дурсамж” үлдээхгүйгээрээ сөрөг үр дагавартайг анхаарах ёстой болов уу.
Дээд тэнгэр, дэргэдэх шүтээн болсон эцэг өвгөдөөр минь ийнхүү тохуурхан тоглосон явдлыг тухайн үед нь таслан зогсоох ухаан дээр дооргүй дутсан ч гэлээ дараах арга хэмжээг ноён Ерөнхийлөгч, ноён Ерөнхий сайд нар даруй авч хэрэгжүүлэх нь Монгол түмний эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна. Үүнд:

1.    Энэхүү киног бүтээгчид Монголын түүхийн баримтуудыг эрээ цээргүй мушгин гуйвуулсныхаа төлөө Монголын ард түмнээс уучлал гуйх,
2.    Монгол улсын төсөвт учруулсан эдийн засгийн шууд хохирол 680 сая төгрөгийг эргүүлж төлөх,
3.    Киног бүрмөсөн хаах,
4.    Цаашид Монголын түүх, их хаад, их хатадын нэрийг аливаа бизнесийн зорилгод ашиглах явдлыг зохицуулсан хуулийг нэн даруй УИХ-д оруулан батлуулж мөрдөх

Хүндэтгэн ёсолсон,
Түвдэндоржийн НАРАН
Ширбазарын ДАВААСҮРЭН

2007.03.14                             Улаанбаатар хот

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД
НОЁН ИКИХАШИ ЯСҮЁШИ ТАНАА

Ноён Элчин сайд Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Сүүлийн арав гаруй жил Монгол, Японы ард түмэн хоорондын харилцаа улс төр, эдийн засаг, урлаг соёлын бүхий л салбаруудад эрчимтэй  өргөжин хөгжиж байгаагийн сацуу Японы ард түмэн, Засгийн газраас монголчуудад үлэмж их туслалцаа үзүүлж байгааг жирийн иргэд бид өдөр бүр харж, чин сэтгэлээс баярлан талархаж явдгаа эн түрүүнд хэлэх ёстой гэж бодож байна. Тухайлбал, урлаг соёлын салбар дахь хамтын ажиллагааны бидний мэдэх хамгийн сүүлийн жишээ бол саяхан хоёр орны кино театруудад зэрэг нээлтээ хийж үзэгч олны хүртээл болсон “Бөртэ чоно Чингис хаан” кино билээ.
Гэвч харамсалтай нь Япон улсын иргэн ноён Кадакова Харуки манай зарим уран бүтээлчидтэй хамтарч бүтээсэн энэхүү кинотой холбогдуулан энэ удаа Танд таагүй захидал бичиж байгаадаа юуны өмнө хүлцэл өчье.
Учир юун хэмээвээс, уг кинонд Их Монгол улсын түүх хийгээд тэр үеийн хаад, хатадын дүр, төрт ёсны тухай үзүүлэхийг зорьсон боловч киночдын мэдлэг дутсан, эсвэл анхааралгүй хандсанаас түүхэн хүмүүсийн дүр, үйл явдлууд болон түүний учир шалтгаан, уламжлалт ёс заншил, угсаатны зүй гээд тухайн үеийн Монголын төр, нийгмийн бүх талыг танигдахын аргагүй болгон зэрэмдэглэсэн нь өөрийн үүх түүхээ мэддэг, бас дээдлэн хүндэтгэдэг, үр хүүхдүүддээ түүхээ үнэнээр нь уламжлуулахыг хичээдэг монгол хүн бүхэнд тун таагүй сэтгэгдэл төрүүлж, сэтгэл эмзэглүүллээ.
Түүхэн үнэнийг маш их гажуудуулсан ийм кино хийж олон нийтэд цацсаны бурууг бид өөрийн орны Засгийн газар, уран бүтээлчидтэй холбон үзэж байгаа бөгөөд харин нэгэнт гарсан энэ алдааг Японы тал цаашид даамжруулахгүй байхыг л хүсэж байна.
Иймийн тулд “Бөртэ чоно Чингис хаан” киног Японы болон бусад улс орнуудын кинотеатрт гаргахыг зогсоох талаар кино бүтээгчид, Япон улсын холбогдох байгууллага, хүмүүст уламжилж өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсье.
Энэ асуудлаар бид мөн өөрийн орны Ерөнхийлөгч болон Засгийн газарт хандаж байгаагаа дашрамд сонордуулья.

Хүндэтгэн ёсолсон,

Монголын түүх, гүн ухаан судлаач
Ш.ДАВААСҮРЭН
Т.НАРАН

Түүхээ шатаавал ирээдүйгээ түймэрдэнэ.

Монгол түмний маань сүлд шүтээн, өнө мөнхийн түүхэн бахархал болсон их эзэн богд Чингис хааны тухай Япон, Монголын хамтарч хийсэн “Бөртэ чоно Чингис хаан” киног үзэхээр ихэд сэтгэл догдлонгуй очлоо. Цөөнгүй жил яригдаж, манай төр хагас илүү тэрбум төгрөгөөр дэмжиж хийсэн болхоор Богд эзнийхээ боломжит дүр төрх, суу билэг, тэрчлэн түүхийнхээ нэгэн бахархалт үеийг ихэд шимтэн үзнэ дээ! гэж санасан хэрэг. Тэгээд л хүлээж, яарч, догдлож үзсэн юм.
Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчийн үлгэр болсон төдийгүй үзэгчдийн эгдүүцэл инээд хоёр өөрийн эрхгүй давхцаж байлаа. Үзэгчид дуу алдсан эгдүүцлээрээ одоогийн айхын айвал, даарахын давхац болсон төрөө шоглож, нирхийсэн инээдээрээ өөрийгөө, өөрсдийгөө элэглэж суугаа нь илт мэдрэгдэнэ. Хэдийгээр урансайхны кино ч гэлээ түүхийг ингэж гашилж исэлдсэн хоормог болгож болно гэж үү!!
Эзэн Чингис хаан маань одоогийн билгийн мэлмий нь битүүрч эдгэрсэн Энхбаяр, Энхболд, Нямдорж биш шүү дээ! Тэд нааш харж инээхдээ төрийн ордны өмнөх Чингис хааны амьгүй зэс хөшөөнд алдлан мөргөх нь холгүй шоудаж, цааш харж мөнөөхөн мөргөж сөгдөж байгаа их хаанаа хүртэл үнэлэн худалдахдаа хүрсэн нь тэдний дэмжиж хийлгэсэн энэ киноноос мунхагийн үнэр үнэртэж, муугийн ёр нь үзэгдэх мэт.
Яахав уг киноны гол дүрүүдэд тоглосон япон жүжигчдийг хүн гэгч амьтны хэлбэр галбирийн хувьд өөчилж гоочилох хэрэг алга. Даанч Монголыг, Монголын түүхийг мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй учраас Чингис хааныг далайн дээрэмчин төрхтэй зандалчин, Жамухыг хоовон толгойлсон хийрхүү самурай, Өэлүн эхийг усан нүдэлж урт хормойгоо өшигчсөн наран авгай болгон харуулахдаа огтхон ч эмзэглэсэнгүй. Тэд яахав, хэний, юуны дүрд тоглож буйгаа мэдээгүй хэрэг!
Киног бүтээгчид маань ядаж “Монголын нууц товчоо”, “Лу. Алтан товч” зэрэг эх зохиолуудыг уншчихгүй дээ! Тэгсэн бол Хэрэйдийн Тоорил хааныг цагаас нь өмнө “Ван хаан” болгон өргөмжлөхгүй, Жамух сэцэн түүнийг цавчиж алахгүй, Тэмүүжингийн унаган анд Жамух түүний сүй тавьсан Бөртэ үжинтэй садарлахгүй, Тэмүжин Жамух хоёрын хооронд хэзээ ч болоогүй дайныг “үүсгэхгүй”, Чингис хаан ууган хүү Зүчээ өлгийтэй байхад нь хөнөөх гэж давшлахгүй, мөн Зүчийн үйл хэрэг яагаа ч үгүй байхад үхүүлчихгүй, Чингис хааны хамгийн үзэсгэлэнт залуу хатан Хуланг түүний эм цэрэг, манин маягийн байлдагч болгочихгүй л байсан болов уу?!
Бид хамгийн тодорхой баримттай, хамгийн тод бахархалтай тэр түүхээ ийнхүү шатааж байна. Монголыг сурталчлахаасаа өмнө мөнгө олохыг илүүд үзсэн япончуудад Монголчуудын үүх түүх шатаж байгаа нь төдий л сонин биш. Харин бидэнд бол хэлэх үггүй гамшиг, харанхуй мунхагийн хамгийн зол заяагүйн жишээ, энэ ертөнцийн элэг доог болохын цондон юм биз ээ.
Бод доо! Бид Японы Сёгүний хаанчлалын эцэг, Ёритомогийн тухай ийм холион бантанг нь хутгасан кино хийсэн бол тэд яах бол?! Япончууд Оросын I Петр хааны тухай ийм кино хийсэн бол Оросууд яах бол?! Аль нэг гадаад орон Хятадын их хаан Цэнь Ши хуандигийн тухай  ийм элэглэл дооглол хийсэн бол хятадууд ер нь яах байсан бол?! Хамгийн гайхалтай нь ийм жишээ байдаггүй юм байна.
Дэлхий дахинаа нэрд гарсан зохиолч, яруу найрагч Салман Рушид “Шулмын шүлгүүд” ном бичсэнийхээ төлөө Ираны төрөөс цаазын ял сонсоод одоог хүртэл нуугдан амьдарч байгааг бид мэднэ. Гэтэл тэр номонд Ираны түүхийг ч, эртний хаадынх нь дүр төрх, үйл хэргийг ч гуйвуулсан, гутаасан зүйл нэгээхэн бээр үгүй юм гэдэг. Зөвхөн шашных нь зарим нэг уламжлалд үл нийцсэн мөрүүд тэрхүү номонд орсны төлөө эл ялыг хүлээжээ. Үндэсний мэдрэмж, үндэсний бахархал гэдэг бол ийм эмзэг нандийн зүйл байдаг бөлгөө.
Гэтэл бид төрт ёсныхоо 800 жилийн ойд зориулан ард түмнийхээ халаасыг сэгсрэн байж олсон тэрбум шахуу төгрөгөөр ийм кино хийлгэж байгаа нь ард бидний хувьд гүн эмгэнэл, Монгол төрийн хувьд эцэг дээдэс, ард түмнийхээ өмнө үйлдэж буй ялт хэрэг гэлтэй. Төр нь ард түмнээ, үүх түүхээ, үндэс язгуураа ингэж доромжилж, ингэж басамжлана гэж ер байх уу?     Түүхээ шатаана гэдэг бол ирээдүйгээ түймэрдэж байгаа  хэрэг юм.
Бөртэ үжинийг жирэмсэн болгосных нь төлөө Өэлүн эхийн аль эртний авааль нөхөр /уг нь Бөртэг олзолж Чилгэр бөхөд өгсөн тухай түүхэнд тэмдэглэгдсэн/ Чилэдүг ухаан алдталаа улайран жадласаар алж байгаа нь Чингис хааны бүү хэл мөнөөх жүжигчнийхээ төрөлхийн дүр төрхийг нь ч гэсгээж байх мэт.
Энэчлэн олон гол дүрийн дотоод сэтгэлийн илэрхийлэл, гадаад төрх байдал нь манай түүхийн тов тодорхой нөхцөл байдал, мөн чанартай огтхон ч нийцсэнгүй. Жишээ нь, Чингис хаан киноны туршид малгайгүй, тэрчлэн Хөх Монгол гэдгийг тодруулах гэсэн арга ядалт бололтой, цэргүүд нь бүгд цэнхэр тэрлэгтэнгүүд. Жамух гэгч сэтгэлийн хөдөлгөөнгүй, баргар “нөхөр” Чингис хааныг “Чи намайг өөрийн гараар боймилж ал” хэмээн андын тангаргаараа гул барин тулгасаар өөрийгөө тэгэж егүүтгэж байх жишээтэй. Энэ бас бага хэрэг.
Монгол эрчүүдэд эмэгтэй хүн бол юу ч биш байсан гэнэ. Тэдний хувьд эмэгтэйчүүд ердөө хоёрхон зүйлд л хэрэгтэй байжээ. Нэгд, зугаа цэнгэл, хүсэл тачаалыг хангах хэрэгсэл, хоёрт, хэнийх нь ч хамаагүй хүүхэд гаргах л үүрэгтэй байсан гэнэ ээ!!! Бидний агуу их өвөг дээдэс маань бүсгүйчүүддээ ингэж хандаж байсан гэвэл одоогийн япончууд бүү хэл бид өөрсдөө ч тэднийхээ эргүү тэнэгийг гайхаж үзэн ядах биз ээ. Магадгүй, түүх уламжлалаа төдийлэн мэддэггүй багачууд маань элэнц хуланцаа ийм малнууд байжээ гэж бодох вий гэхээс ар нуруунаас хүйтэн хөлс чийхрана.
Хэрэг дээрээ хэнд ч захирагдахын аргагүй өндөрт гарсан Чингис хаан хатан эх Өэлүн, их хатан Бөртэ үжин нарын үнэн үгэнд ямар ч эргэлзээгүйгээр захирагдаж гаргасан шийдвэрээ өөрчилж байсан явдал “Нууц товчоо”-нд ч хэдэнтээ давтан тэмдэглэгдсэн байдаг билээ. Тэр үеийн монгол эмэгтэй бүхэн хас төрийнхээ хатан ээж, халуун галтай голомт нь болж, өөрийн хөвүүдээ өрлөг их дайчид, хонгор охидоо хорвоогийн хайр энэрэл, хатан ээжүүд болгон хүмүүжүүлж байв.  Энэ хүмүүжлийн үр дүнд  Их Монгол улс байгуулагдсан гэдгийг шууд утгаар нь хэлж болно. Үүний үлгэр жишээ болсон эмэгтэйчүүдийг Алунгоо эхээс эхлэн Мандухай сэцэн хатныг хүртэл үг сургааль, үйл амьдралтай нь дүрслэн тоочих аваас Монголын ард түмний буурал түүх, өв соёл, гэгээн билэг нь ямар ч засвар, ямар ч хэтрүүлэг үгүйгээр өнө мөнхийн шижир алт болн цогцлох буй заа. Үүх түүхээ мэдэхийг хүсдэг, өв соёлоо хамгаалахыг мэддэг залуус мянга мянгаараа бий шүү.
Уут уут лангаар улсаа худалддаг, түм түм лангаар түүхээ худалддаг “дээдсүүд” маань үүнийг мэдэж байх нь тэдэнд биш юмаа гэхэд үр хүүхдүүдэд нь өлзий болох биз ээ.

Ш.Даваасүрэн

Posted in Түүх, уламжлал | 1 Comment »

ТҮҮХИЙН ДАВТАМЖ, СҮҮЛЧИЙН БОЛОМЖ

Posted by Naran on March 29, 2009

*    *    *

Хожимдоогүй дээрээ сэрж сэхээрч эс чадваас хэзээ ч, хэнд ч дийлдэшгүй мэт хүчирхэг байсан улс гүрэн уруудан доройтсоор нэгдсэн төр засаг, удирдлагагүй, нэгдмэл эрх ашиггүй болж задарч бутардаг, улмаар дэлхийн данснаас үүрд хасагдан устаж алга болдог үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд олонтаа тохиолдож байсан байна. Тухайлбал, аль эртнээс агуу хүчирхэгээрээ цуурайтаж байсан Асир, Мисир, Грек, Ром, Рим, Мамлюк, Алтан орд, Их Юань, үзэсгэлэнт Перс, Хорезм, манай хаяанд мандан бадарч асан Манж Чин улс гээд тоочоод байвал урт жагсаалт болно.
Хамгийн гайхалтай нь, Монголчуудад ийм ноцтой аюул занал олон удаа учирсан ч дээрх улсуудын хувь заяаг давтаагүйгээр үл барам бүр ч өмнөхөөсөө хүчирхэгжин босч ирж байсан бөгөөд үүнийгээ өөрсдөө “Мөнх тэнгэрийн хүч”-ний таалал дэмжлэгийг авсных гэж тайлбарлаж байсан ажгуу. Харин үүний “жинхэнэ” нууцыг олох гэж Арабын түүхч Раш-ад-дин, Персийн түүхч Жувейни, Ромын хамын элч Карпини, Германы гүн ухаантан Гегель, Энэтхэгийн ерөнхийлөгч, соён гэгээрүүлэгч Ж.Неру, Оросын түүхч Л.Гумилёв гээд дэлхийн олон арван эрдэмтэд олон арван жилийн хугацаагаар тархиа гашилгасан боловч үр дүнд хүрсэн нь үгүй. Манай эдүгээ үеийн судлаачид, түүхчид, эрдэмтэд ч тэднээс дээр юм хэлж чадалгүй өдий хүрчээ.
Яагаад түүхийг судалдаг вэ? Яагаад гэвэл тухайн улс үндэстний түүх бол түүний ирээдүйг тарьж ургуулах хөрс байдаг. Ирээдүй гэж тусдаа бэлэн зүйл дангаар байдаггүй агаад зөвхөн өөрийн өнгөрснөө танин мэдэж чадваас түүндээ тулгуурлан ирээдүйг бүтээдэг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн түүх тодорхой хугацааны дараа ирээдүй болон хувирдаг. Мэдээж нэгэнт бий болчихсон  ирээдүй бидэнд дороо л ирнэ. Таны ирээдүй таны өнгөрсөнд л буй. Монголын ирээдүй гадаадын аль ч улс оронд бус Монголын өнгөрсөнд л буй. Дэлхийн бусад улс гүрнүүд хичнээн өндөр хөгжөөд ч тэнд Монголын ирээдүйг “үйлдвэрлэхгүй”. Дээрх түүхч, мэргэд монгол хүмүүс биш учир Монголын түүхийг хичнээн ухаад ч үйл явдлуудын хэлхээсийг л олсон уу гэхээс тэдгээр үйл явдлуудын учир шалтгааныг тайлж чадаагүй. Гэхдээ тэдний хийсэн “техник ажил”-уудын зарим үр дүн бидэнд хэрэгтэй,  бид ашиглах боломжтой.
Харин эл өгүүллийг чадан ядан тэрлэгчид хувь заяаны эрхээр ч юмуу, бурхан тэнгэрийн ивээлээр ч юмуу, хорвоогийн зугаа цэнгэл, хоногийн хоолны төлөө тэмцэхийг ор тас умартан хувийн амьдрал ахуйгаа зольсны шан хөлсөнд ч юмуу тэдний олж харж чадаагүй олон зүйлийг олж хараад, цочин балмагдаж, гайхан биширч, өөрсөддөө итгэж ядсаар хэдэн жилийг өнгөрөөсний эцэст эдүгээ мөнөөх түүхэн цаг, тохироо нь ирсэн тул энэ далай шиг агуу зүйлийн зах сэжүүрээс цухуйлгахаар шийдсэн бөлгөө.
Гэвч “оллоо!” хэмээн олон түмний дунд орилон тунхаглаж болохгүй, “үзвэл үнс, харвал хальс болдог” юм их ажээ. Буурал дээдсийнхээ чанд нууцлан үлдээсэн өвийг буруу зүгийн салхинд туугдан одохоос хамгаалах нь олж үзсэнээс ч илүү хэцүү бэрх үүрэг байх төдийгүй дээдсийн минь илд мэт хатуу зарлиг болой. Юутай ч гэсэн эх түүхийн минь элбэрэл гэж байдаг, түүний ивээлд багтаж чадваас сая мандан бадрах учиртай болохыг ухаж мэдэрсэн тул ийн тэрлэв.

*    *    *

Монголчуудын гүн ухаан, төр ёсыг үндэслэгч, Хүннү гүрний их эзэн Модун шаньюгаас хойш бидний өвөг дээдэс үхэл мөхлийн ирмэгт тулж ирэх бүртээ түүхийнхээ ивээлд эргэн багтсанаар сэргэн босч байсан агаад Сяньби, Нирун, Кидан гүрнүүд бүгд Монголын төр ёс, өв уламжлал дээр байгуулагдаж ирсэн. Та бидний мэдэх хамгийн сүүлчийн хүчирхэг төрийг байгуулж чадсан хүн бол Эзэн Чингис хаан минь билээ. Монголын ийм агуу төр ёсон сэхэх үү, бүр мөсөн мөхөх үү гэдгийг өнөөдрийн та бид шийдэх болчихоод байна!!! Мөхөл нүүрлэсэн түүхийн давтамж бидний хувьд 300 жилд сулавтар, 500 жилд илүү хүчтэй, 800 жилд бүр газрын хөрснөөс арчигдах аюул заналтайгаар тохиодог байна.
Манай эриний өмнөх 200-аад жилд Хүннү гүрэн байгуулагдан цэцэглэснээс хойш 300 жилийн дараа Сяньби, 500 жилийн дараа Нирун, түүнээс хойш яг 800 жилийн дараа Их Монгол улс хөл дээрээ боссон түүхтэй. Цаг, цаас хэмнэх үүднээс үүнээс өмнөх түүхийн үйл явдлуудыг түр орхиод хойшхи давтамжийг товч авч үзье.
ЕвроАзийн гуравны хоёрыг эзлэн байсан Монголын эзэнт гүрэн ердөө 300 жилийн дотор задарч Алтан орд, Цагаадайн улс, Ил хаадын улс, Их Юань гүрэн энэ л хугацаанд “алтан аргамж”-наасаа алдран одов. Одоогийнхоор бол улс төрийн намууд, олигархи бүлэглэлүүд болсон бага хаадын хоорон дахь эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцлийн хөлд Гурван гол, Өвөрлөгч Хөх нуур, Алтайн Монголчууд тарж бутран, тусгаар тогтнолын үндсэн мөн чанар болох оюун санааны нэгдмэл байдлаа салхинд хийсгэн алджээ. Гэвч арай ч бүх зүйл дуусчихсангүй. XV зууны сүүлээр Мандухай сэцэн, Батмөнх даян хаан нар үлдсэн монголчуудаа нэгтгэж чадсанаар түүхэн давтамжийн эхний цохилтыг тэсэж гарчээ. Харамсалтай нь тэд уламжлалт гүн ухаан, төр ёсоо бүрэн бүтнээр нь сэргээж чадаагүй юм. Их Юань улсын үеэс төртэй зиндаархсан Буддизмын нөлөө Монголын уламжлалт гүн ухаан, төр ёсны дэг жаягийг улам бүдэгрүүлэн түрсээр байв.
Ерөөс Хубилай хааны хойч үеийнхнийхээ өмнө хийсэн хоёр том алдаа байдгийн нэг нь Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлсэн, нөгөөх нь Төвдөөс Пагва ламыг залан ирж ордны их ламтанаар өргөмжилснөөр төрд шашныг гүнзгий нэвтрүүлсэн явдал билээ. Батмөнх даян хааны дараа Түмэдийн Алтан, Халхын Автай хаанууд эзэмшил газартаа шарын шашныг идэвхтэйгээр дэмжин дэлгэрүүлж эхлэв. Энэхүү байдал цаашид үргэлжилсээр Монголын уламжлалт төр ёсон амин чанараа бүрмөсөн алдаж шашны мухар сүсгийн хүлээсэнд агдлан хүлэгджээ. Нэгэнт шашны эрхшээлд дөрлүүлсэн ард түмнийг удирдахад төр ёс хэрэггүй болов…
Яг энэ үе буюу XVII зууны эхээс түүхэн давтамжийн 500 дахь жилийн гүн хямрал тулгарч ирэв.  Энэ үед Түшээт хан Чахундорж, анхдугаар Богд Занабазар, Ойрадын хаан Галдан бошигт нар улсаа нэгтгэх бодлого явуулсан хэдий ч тухайн цагт ид хүчирхэг байсан Манж Чин улс тэдэнд ийм боломж олгосонгүй. Тэдний олон удаагийн оролдлого, зүтгэл талаар өнгөрсөн түүхийн гашуун баримтуудыг эдүгээ ч олон хүн мэдэх бөлгөө. Тиймээс энэ хямрал нь Монголчуудын хувьд мөхлийн цохилт болон хувирч 1691 онд Манжид дагаар орсноор Монгол үндэстэн бүх талын тусгаар тогтнолоо бүрмөсөн алдсан юм. Энд анхаарахгүй өнгөрч хэрхэвч үл болом нэгэн баримт буй нь Манж нар өөрсдөө Монгол угсааны Зүрчид аймгийн үр хойчис байсан тул Монголчуудыг Хятадад уусгах бодлого явуулаагүйгээр үл барам газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь хуульчлан хамгаалж байсан явдал бөлгөө. Үүнийг өндөр гэгээн Занабазарын холч ухаантай ч бас түүхчид холбон тайлбарладаг. Харамсалтай нь, Манж Чин улсын төрд хятадууд олноор шургалан орохын хэрээр уламжлалт бодлого өөрчлөгдөн Монголыг хятадчилах үйл явц илэрхий болсон ажгуу. Эргүүлж тогтоох боломжгүй шахам болсон энэ уналтыг Ойрадын хан Амарсанаа, Хотгойдын ван Чингүнжав нарын үүсгэсэн хөдөлгөөн, тэмцэл ихээхэн саармагжуулж чадсаны сацуу марксист, социалист үзэл санаа тодорхой бүс нутагт ялан мандсан нь биднийг бүрмөсөн сөнөж мэдэх аюулаас аварсан нь гарцаагүй үнэн билээ.

*    *    *

Өнөөдөр бид түүхэн давтамжийн бас нэгэн 800 жилийн цохилтонд өртөн муужраад байна. Чингис хааны төр байгуулагдахын өмнөх “орондоо унтах завгүй олзлон булаалдаж” байсан олон овог, аймгуудын дүр төрх, эсхүл Мандухай хатны “айх амь минь алдрав, ичих нүүр минь эвдрэв” гэж халаглахад хүргэсэн бага хаадын эрх тушаал, олз омгийн төлөөх ичгүүр сонжуургүй тэмцэл, урвалт шарвалт, хууран мэхлэлтийн дүр зураг дахин давтагдаж, улс үндэстэн минь мөхлийн ёрыг дуудаж буйг та бид бэлхнээ харж сууна.
Та бид зах зээл, эдийн засгийн өсөлт хөгжилтийн төлөөх олон улсын дайн тулаанд газар нутаг дээрээ навсайтлаа ялагдаад, идэх уух, өмсөх зүүхээр өлөн зэлмэг, ёс суртахуун, оюун санааны гүн хямралд орчихоод, булууны яс булаалдах ноход шиг   өвөр хоорондоо хэмхэлдэж суугаа бус уу, өнөө.
Тийм ээ, яг ийм цаг үе бидэнд тулгарч байсан ч Монгол гүн ухаан, төр ёсныхоо “ид шид”-ээр түүнийг гэтлэн даваж хүчирхэг улс орныг байгуулж байсан тэр тохиолдол ч бас давтагдах учиртай юмаа. Эзэн Чингис хаан биеэрээ дахин залрахыг хүлээж “бэлэнчлэх” гэвэл түүн шиг утопи юм үгүй. Харин түүний “Монгол минь эмээлээ гэдсэндээ авсан морь шиг болох”-ын цагт авч хэрэглэхийг захиж өвлөн үлдээсэн төр ёс, хууль цаазыг сэргээн залваас таваас аравхан жилийн дотор улс орон маань хөл дээрээ босож, улмаар Монгол гэдэг хүчирхэг гүрэн дэлхийн тэргүүн эгнээнд орж ирнэ гэдэгт эргэлзэн тээнэгэлзэх  аваас алдас тэр болой.

Т.НАРАН
Ш.ДАВААСҮРЭН

Posted in Түүх, уламжлал | Leave a Comment »

ТУЙЛД АМЬДРАХАД ТУЙЛЫН ХЭЦҮҮ

Posted by Naran on March 29, 2009

Мөсөн далайгаас мөсөн далайд
Монголыг дэлхийд ганц хоёрхон өдрийн дотор “алдаршуулсан” 68%-ийн татварын хууль гарсны дараахан гадаадын нэгэн бээр надтай уулзахдаа “…танайхан туйлд их дуртай хүмүүс юмаа. Хойд туйлд байж байснаа гэнэт тэндээсээ явахаараа шууд л өмнөд туйлд очоод буучих юм. Огт татвар авахгүй байснаа гэнэт 68%-ийн татвар тогтоогоод л, хуулиа бүхэл бүтнээр нь өөрчилж өмнөхийнхөө яг эсрэг заалтууд оруулаад л эхлэх юм. Түүний оронд бүгдээс нь 30%-ийн орлогын албан татвар авдаг болчиход л өнөөгийн яриад байгаа олон асуудал шийдэгдэнэ шүү дээ” гэж үнэхээр гайхширсан байдалтай өгүүлж байсан. Зүгээр л туйлшрах буюу нэг хязгаараас нөгөө хязгаарын хооронд савлах бус бүр яг хойд туйл буюу Арктика, өмнөд туйл буюу Антарктида хоёрыг ээлжлэн сонгоод байна шүү дээ гэсэн утгаар тэр хүн хэлсэн юм. Товчоор хэлэхэд, очиж амьдрахад энэ хоёр туйлын ялгаа тийм ч их биш байж таарна. Тэр хоёр туйлын чинь хооронд зөндөө том, олон янзын уур амьсгал, цаг агаар, байгаль орчинтой, энэ дэлхийн хүмүүс бараг цөмөөрөө амьдардаг газар байдаг юм шүү дээ. Гэтэл та нар заавал нэг мөсөн далайгаас нүүхээрээ нөгөө мөсөн далайд оччихоод байх юм гэсэн үг л дээ.
Харамсалтай нь зарим манай “хар ухаантай” мундагчууд “гадаадынхан биднийг луйвардах гэж худлаа ярьж байгаан. Тэр муусайн юмнууд юу юм, бид тэднээс хавьгүй илүү ухаантай, юу хийх, ямар хууль гаргахаа тэднээр заалгахгүй” гэж томорцгоодог боллоо. Гадаадын ажил хэргийн түншүүд болон амин хувийн найз нөхөддөө үүнийг нь “зөв” ойлгуулах гэж мань мэт нь аргаа барж байна.
“Холын хүнээс үг сонс” гэсэн манай сайхан сургаал үг бий. Бид гадны хүмүүсийн үгийг сонсох, сонссоноо эргэцүүлэн бодох ёстой. Учир нь тэд бидний дөнгөж хөл тавин мунгинаж, будилж яваа өнөөгийн энэ үеийг аль хэдий нь өөрсдийн биеэр туулаад, юуг яаж хийвэл болдог, яавал болдоггүйг амьдрал ахуйгаараа баталж, нотлоод мэддэг болчихсон хүмүүс. Бас манай зарим хүмүүсийн яриад байгаа шиг дандаа бусдыг хууран мэхэлж, шулж мөлжөөд, эх орныг нь цөлмөчихөөд явахаас өөр юм боддоггүй хүмүүс ч биш гэдгийг би мэднэ. Бид материаллаг байдлаасаа хавьгүй илүүтэй оюун сэтгэлгээний хувьд ядуу байгаа нь хамгийн аймшигтай явдал юм.  Өөрсдийнхөө ийм ядуу сэтгэлгээний цар хүрээгээр бусдыг шүүж, үнэлэж дүгнэж, тэр дүгнэлтэндээ үндэслэн ямар ч логикгүй, оновчгүй, асар их сөрөг үр дагавартай шийдвэрүүд гаргаж байна.

Жагсаал цуглаанд мөнгөө үрж, жанжны талбай дээр хүчирхийлэл үйлдэх үү?
Дээрх явуургүй байдлыг бага ч гэсэн засаж залруулах юмсан гэсэн зорилгоор гадаадын өндөр мэргэшлийн, дэлхийн уул уурхайн салбарт нэр хүнд бүхий олон эрдэмтэн, судлаач, менежерүүдийг Монголд урьж ирүүлэн маш үнэтэй мэдээлэл, мэдлэг агуулсан ярилцлага, семинаруудыг бид олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулсаар ирсэн. Үүнд багагүй хэмжээний зардал гардаг ч улсаас, ард түмний бүрдүүлсэн төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр, манай уул уурхайн компаниуд, хувь хүмүүсийн халааснаас авсан мөнгөөр бүхнийг амжуулж байна. Багтаж ядсан мөнгөтэйдээ биш, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө биш, бас “эх орноо харийнханд шалавхан худалдах” гэж үүнийг хийгээгүй гэдгийг эрх биш ойлгох буй заа.
Төр засгийн шийдвэр зөв, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсонд нийцсэн, ард иргэдийн амьдрал өөдрөг, монголчуудын минь ирээдүй гэрэл гэгээтэй байгаасай гэсэн эрмэлзэл хүн болгонд байгааг үгүйсгэх хүн байхгүй. Төр засагт шаардлага тавьж Сүхбаатарын талбайд тэмцлийн хамгийн хурц бөгөөд хоцрогдсон, аль хэдийн  үеэ өнгөрөөсөн арга хэрэглэж байгаа олон хөдөлгөөнийхөн ч мөн тийм байх гэж найдна. Эдгээр хүмүүсийг ийм хэлбэр сонгосных нь төлөө өчүүхэн ч буруутгаж болохгүй. Учир нь төрийн эрхэнд гарсан хүчнүүд жирийн иргэдийнхээ хүсэл сонирхол, санал бодлыг сонсохоо больж, дураар авирладаг явдал нь “хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг”-ийн дагуу ийм байдал руу түлхэж байгаа юм.
Монгол улс ямартай ч иргэний,  ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийг сонгон авснаа Үндсэн болон бусад олон хууль тогтоомжуудаараа тунхаглаж, олон улсын байгууллагууд, конвенцүүдэд нэгдэн орох, гадаад орнуудтай хийх гэрээ хэлцэлдээ ч байнга үүнийгээ зарлаж, “амлалт өгч” байдаг болохоор энэ зарчмаа мөрдөхийг хичээх болов уу хэмээн уул уурхайн салбарынхан найдаж, төр засагтай харилцаж ирсэн. Гэтэл сүүлийн үед болж байгаа үйл явдлуудаас харахад байдал нилээд өөр болох нь мэдрэгдэж эхлэв. Ард иргэд төрийн эрх баригчидтай ойлголцох, өөрсөддөө бага ч атугай ашиг тустай шийдвэр гаргуулах цорын ганц арга нь ердөө эсэргүүцлийн жагсаал, өлсгөлөн юм гэдэгт эргэлзэхээ больсон бололтой. Өнөөдөртөө хамгийн сүүлийнх нь хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан хэсэг хүмүүс төртэй “зэвсгийн хүч”-ээр ярихаа сануулж эхэллээ.
Ашигт малтмалын хуулийг өөрчлөхтэй болон уул уурхайг тойрсон бусад асуудлуудыг шийдвэрлэж байгаа хандлага нь ч мөн хүчирхийлэгчийг “хүндэлсэн”  хандлагатай байна. Энэ салбарын дотоодын болон гадаадын мэргэжилтнүүд, энэ салбараас хоолоо олж иддэг, ирээдүйгээ ч энэ л салбараас ангид төсөөлдөггүй учраас “заяа нэгт” салбарынхаа төлөө чин сэтгэлээсээ санаа зовниж явдаг хүмүүсийн үг, зөвлөмжийг огт сонсохгүй, хэрэгсэхгүй байна. Улс орны хувь заяаг шийдвэрлэхэд шууд бөгөөд маш богино хугацааны нөлөө үзүүлэх том салбарынхаа эрх ашигт нийцүүлэхийг урьтал болгох гэсэн эрмэзэл харагдахгүй байна. Харин ил тавьж буй шаардлага, хэлж буй үг ба жинхэнэ цаад зорилго нь хэр зэрэг авцалдаатай эсэх нь тодорхойгүй байгаа ч тулгалт хүчирхийллийн аргаар санасандаа хүрэх гэж зүтгээд байгаа цөөн хүмүүсийг тайтгаруулахад чиглээд, түүнийгээ ард түмний санаа бодолд нийцүүлж байгаа энэрэнгүй төрийн үйлдэл мэтээр тайлбарлахыг оролдож байна.
Амьдрал ахуй нь хүнд, сэтгэл санааны дарамт хямралтай амьдарч байгаа зуу зуун мянган жирийн хүмүүсийн энэ байдалд дулдуйдан, өөрсдийнх нь тавьж буй шаардлага биелчихвэл диваажин хүрээд ирэх мэт хуурамч төсөөлөл бий болгон байнга ухуулга сурталчилгаа явуулж буйгаас “гинжнээс өөр алдах юмгүй”   цөөн хүнийг цуглуулж, өөрсдийн эд баялаг олох, алба тушаал ахих зорилгодоо ичгүүр сонжуургүй ашиглан турхирч байгаа хүмүүсийн доторх уул, геологийн мэргэжилтэй гурван хүний санал яагаад дотоод, гадаадын олон мэргэжилтний саналаас илүү “үнэтэй” байна? Бид ажлынхаа байрнаас, тэд гудамжнаас ярьж байгаа учраас уу?
Иймэрхүү логикоор хандвал уул уурхайнхан ярилцлага, семинар, хэлэлцүүлэгт мөнгөө үрснээс жагсаал цуглаан зохион байгуулахад хөрөнгө мөнгө цацвал хавьгүй илүү үр дүнтэй болох нь ээ.

Сальвадор Алендьег сануулахын учир
Энэ нэрийг дундаас дээш насныхан мартаагүй байх учиртай. Түүнийг тухайн үеийн манай нам засаг мартахын аргагүй болтол бидний тархинд суулгаж өгсөн билээ. Төр бол сайн менежер байж чаддаггүй гэж хэлсэний нь төлөө уул уурхайн нэгэн  мэргэжилтнийг сонины хуудсаар “үхтэл” загнаж, төр бол хамгийн мундаг менежер гэдгийг батлахдаа Чилийн зэсийн том үйлдвэр “Коделко” бүхлээрээ төрийн мэдэлд байдгийг иш татсан байна лээ. Энэ оны 5-р сарын 29-ний өдөр Чингис зочид буудалд болсон семинарт оролцсон хүмүүс Коделко-гийн товч намтрыг, мөн энэ үйлдвэр нь дэлхийн уул уурхайн салбар дахь нийтлэг, түгээмэл дүр зураг биш харин нилээд гаж маягийн жишээ гэдгийг гадаадын судлаачдын амнаас сонссон. Тэд зориуд жишээ болгоогүй, харин манайхны сонирхсон асуултын хариу болгож ярьсныг, бас энэ үйлдвэрийн нэрээс өөр ямар ч нэр ус хэлээгүйг сануулъя.
1973 онд Чилид цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Алендьег өргөөнд нь буудан алснаар засгийн бүх эрх мэдэл цэргийнхний буюу бидний хэлж дадсанаар хунтынхны гарт, түүний дотор зэсийн аварга үйлдвэр “Коделко” ч мөн тэдний буюу төрийн өмч болсон гэдэг. Харамсалтай нь түүнээс хойш Чилид их бага хэмжээний хямрал тасралтгүй нүүрлэж, 1990 онд цэргийн дэглэмээс татгалзаж, хувийн хэвшлийн эдийн засаг зонхилсон чөлөөт зах зээлийн орон болон болтлоо эдийн засгийн хөгжил нь тогтворжиж чадаагүй юм билээ. Хэдийгээр өнөөдөр “Коделко” төрийн мэдэлд хэвээр үлдэж, ашгийн 10%-ийг нь төрийнхэн хүртэж суудаг ч түүний менежмент, зохион байгуулалт яг хувийн компаний зарчмаар ажилладаг. Ер нь хувьчлах шаардлагатай талаар санал тасардаггүй ч төрийн толгой дахь цэргийнхнээс айгаад яг тийм шийдвэр гаргаж чаддаггүй талаар гадныхан ярьдаг.
Дэлхий дээр байдаг ганц нэгхэн ийм тохиолдлыг жишээ болгон, түүнийхээ талаар бүрэн гүйцэд мэдээлэл, ойлголтгүй хэрнээ сайн сайхныг нь үндэслэлгүй магтан, дууриах гэх нь өөдтэй юманд хүргэх баталгаа биш байх аа.
Боливи гадаадын хөрөнгө оруулагчдийн бүтээж бий болгосон бүгдийг нь төрийн мэдэлд авч өөрсдийг нь хөөж гаргаад, одоо дотоодынхоо фермерүүдийн газрыг нийгэмчлэн ард иргэддээ “шударгаар” тараан өгч байгаа талаар дэлхий даяар шуугиж байгаа бол манай улсын талаар ч бас “мартаагүй” байна.
“Wall Street” сэтгүүл 5-р сарын сүүлийн нэгэн дугаартаа: “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байсан 10 жилийн үр ашигтай ажлаа үгүй хийхэд Монголын Засгийн газарт Баасан гаригийн оройн хэдхэн цаг л шаардагдлаа… Шууд хохирогчид нь Монголын амлалтад итгэж байсан хөрөнгө оруулагчид байв” гэж нийтэлснийг дээр өгүүлсэн уул уурхайн семинар дээр илтгэл тавьсан The Balloch Group-ийн Ерөнхийлөгч ноён Ховард Баллок иш татаж байлаа.
Тэгвэл олон улсын уул уурхайн мэдээллийн нэр хүнд бүхий томоохон хэрэгсэл The Northern Miner сэтгүүл энэ оны 5-р сарын 23-ны дугаартаа тавьсан “Монголын төр барууны уурхайчдаас нүүр бурууллаа” нэртэй нийтлэлээс цөөн өгүүлбэр танд сонирхуулъя. Тэнд:
    … эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчдыг намнаж, өөрийнхөө орны эдийн засгийн хөгжлийг 10, магадгүй түүнээс ч олон жилээр ухраах алхмыг энэ 5-р сарын 12-ны өдөр Монголын парламентийн гишүүд хийлээ.
    Монголын энэхүү “шинэ бүтээл” нь уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдыг төрийн хүчээр Монголоос хөөн зайлуулах, эсвэл тэднийг зөвхөн Монголын төртэй л гэрээгээр ажиллах дуулгавартай зарцууд болгох гэсэн зорилго агуулж байна гэлтэй.
    Энэ хуулийг Монголын ардчилсан нам санаачилж, бараг хэлэлцэлгүй шахам Баасан гаригийн орой батлахдаа Монголын эрдэс баялгийн салбарт ажиллаж буй гадаадынханд мэдэгдээгүй ажээ.
    Хуулийн санал хураалтад парламентийнх нь нийт 76 гишүүний 45 нь оролцож, 35 гишүүний саналаар баталсан байна. Хуралд ирээгүй 31 гишүүний ихэнх нь хуучин коммунист, эдүгээ Эх орон Ардчилал эвсэл нэрийн дор Эвслийн засгийн газар тэргүүлж байгаа Монгол Ардын Хувьсгалт намын гишүүд байсан байна./ эвслийн талаар гүйцэд ойлголтгүй бололтой. Орч./
     Орост төлөх их өрийг  Монголын засгийн газар барагдуулахад нь Айванхоу Майнз 50 сая ам.долларын бондыг нь худалдан авч тусалж байсан. … Гэтэл Монголын төр … ганцхан өдрийн дотор компаний үнэлгээг 744 сая доллараар унагаж, … хариулж чадлаа.
    Геополитикийн хувьд Монгол улс эрдэс баялгийн салбараасаа Оросын болон барууны ашиг сонирхлыг түлхэх гэсэн Монголын элитүүдийн хүсэл сонирхол нь тус улсыг Хятадын зах зээл, Хятадын уул уурхайн ноү-хау-гаас дангаар хараат болгож байна.
    Монголын хууль тогтоогчид ийм хууль батлаж байгаа нь энэ ядуу орон дахь улс төрийн эрсдэл Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудынхаас хавьгүй илүү болж, Төв Азийн зарим хоцрогдсон тогтолцоотой зарим орныход тун ойрхон очлоо.
    Монголын төрд бизнесийн түншийн ёсоор итгэж болохгүй юм байна. Тэгэж л байг. Харин бид үүнийг сайн мэдэх боллоо.
гэхчлэн бичжээ. Энэ өгүүлэл ямар их итгэл алдарч, гомдож, гоморхсон өнгө аястайг та ажиглаж байгаа байх. Айванхоу Майнзийн Монголд байгаа юмуу эсвэл гадаад дахь ажилтнуудын нэг нь бичсэн  юм болов уу гэж би хувьдаа бодсон. Гэхдээ хэн бичсэн нь огтоос чухал  биш, харин юу гэж бичсэнд л асуудлын мөн чанар орших бүлгээ.

Татвар хураах нь бус зардал шингээх нь чухал
Өнөөдөр улс төрчид, эдийн засагчид, ард иргэд цөмөөрөө л гадаад, дотоодын ялангуяа томхон шиг компаниудаас өндөр татвар авч, ард түмэнд өгөх талаар л ам уралдан ярьцгааж байна. Гэтэл ямар ч компаний эзэд, захирлууд өндөр татварыг таашаадаггүй. Төр хэрвээ тэдэнтэй тохиролцолгүйгээр эрх мэдлийн хүчээр өндөр татвар тогтоовол тэд бас хуулийг зөрчихгүйгээр татвар төлөхгүй байх аргыг сүвэгчилдэг нь нотлогдсон үнэн. Хамгийн наад зах нь орлогоо нуух, татвар хураагчдад авилгал өгөх явдал. Тэндээс улс орон эдийн засгийн хохирол амсаад зогсохгүй ёс суртахууны уналтанд орж, бизнесийн орчин бохирддог. Өнөөдөр ч манай улсын бизнесийн байгууллагуудад гадныхны нүдээр ажиглагдаж байгаа түгшүүртэй үзэгдэл бол компаний үйл ажиллагааны ил тод бус байдал, өөрт ирж буй элдвийн дарамтыг багасгах үүднээс авилга өгөх зэрэг хууль бус хандлага гаргах эрмэлзэл түгээмэл болж буй байдал. Авилгыг бус албан татварыг “өгч байгаа, авч байгаадаа өлзийтэй” байхаар хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бизнесийн орчныг эрүүл байлгах нь улс орны нэн тэргүүний шаардлага болоод байна.
Олон улсын эрдэс баялгийн салбарын нэрт эдийн засагч, Денверийн хуулийн их сургуулийн Байгалийн нөөцийн төвийн захирал ноён Жим Отто 20 жил ажиллаж буй, дунд зэргийн хүчин чадалтай Зэсийн уурхайд судалгаа хийжээ. Хэдийгээр тус үйлдвэр 17%-ийн татвар хураамж төлдөг ч гэсэн яг улсад оруулж байгаа бодит хувь нэмэр нь 55%-ийн татвар төлж байгаатай тэнцдэг ажээ. Түүнийг энэ анализ шинжилгээг хийсэн тус уурхайн бүх орлогын 21% нь үндсэн хөрөнгийн зардалд, 2% нь зээлийн төлбөрт, 17% нь төвлөрсөн болон орон нутгийн төсөвт татвар хураамжинд, 45% нь үйл ажиллагааны зардал болж, 15% нь өөрт ашиг болж үлддэг ажээ. Хамгийн анхаарал татах ёстой хэсэг бол энэхүү үйл ажиллагааны зардал болох 45% юм байна. Учир нь энэ хэсэгт ажиллагчдын цалин хөлс, шагнал урамшил, эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгааллын асуудал, сургалт, ус, дулаан, цахилгаан хангамж зэрэг багтдаг бөгөөд улс орнууд эдгээр зардлуудаар дамжуулан тухайн компаний мөнгийг өөртөө “сорж” авдаг гэнэ.
Өндөр татвар тогтоох тухай ярьж, хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээхийн оронд эдгээр зардлуудыг хэрхэн шингээх талаар эхлээд сайтар бодож боловсруулах нь зүйтэй гэдгийг тэрээр бидэнд зөвлөж байсан.
Өнөөх л Чили рүүгээ эргэж орьё л доо. Тэднийх гадаад, дотоодынх ялгаагүй бүх л компаниудаас ердөө 7%-ийн татвар л авдаг юм билээ. Компаниудад орлогын 25% орчим нь ашиг болж үлддэг гэсэн. Үлдсэн 68% нь дээрх зардал болж Чилид “наалдаж” хоцордог ажээ. Хэрвээ бид ухаалаг хандвал ялангуяа гадаадын томоохон компаниудаас албадан авдаг татвараа багахан байлгаад, харин хэн ч шаардаагүй байхад сайн дураараа “бариад гүйгээд ирдэг” зардал хэмээх тэр мөнгийг ахиухан хүртээд байх боломж бололцоо их л баймаар сан даа.

Т.НАРАН                                                                                        2006.06.15                                                                   Улаанбаатар хот

Posted in Уул уурхай | Leave a Comment »

ХУУЛИЙГ ЗОХИОДОГГҮЙ, ХАРИН НЭЭДЭГ

Posted by Naran on March 29, 2009

Алаагүй баавгайн арьс нөмөргөсөн үү?
Төр засгийн зүгээс хууль эрх зүйн актыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлан гаргах, хэрэгжүүлэх тодорхой дэг жаяг, зарчим баримталдаггүй, энэ талаар дээрээ ч доороо ч нэгдсэн нэг ойлголтгүйгээс болж шинээр гаргасан хууль нь ард иргэд, байгууллагуудын зүгээс хүчтэй эсэргүүцэл, саад бэрхшээлүүдтэй тулгарч дорхноо “гууль” болох байдал ажиглагдаж байна. Энэ нь олон янзын үзэл бодлыг тандах, урьдчилсан судалгаа, хэлэлцүүлэг явуулах, тал талын бодитой мэдээллээр сонирхогч талуудыг хангаж, ойлголцоход цаг хүч зарцуулдаггүй, хамгийн гол нь тухайн хууль хэрэгжих учиртай салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсдоггүйтэй холбоотой юм. Үүний хамгийн “гоё” жишээ бол алт, зэсийн үнийн өсөлтийн 68%-ийн татварын тухай хууль.
УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж баталсны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ Сангийн сайд Баяртсайхан уг хуулийн “буян”-аар 88.0 тэрбум төгрөг орж ирэхээр тооцсон, тэр мөнгийг ард түмнийхээ нийгмийн халамж хамгааллын зардалд зориулна гэж мэдэгдсэнийг олон хүн, тэр тусмаа уг халамжийг хүртэх учиртай хүмүүс мартаагүй байгаа нь лав. Харин ч Засгийн газар арай эрүүл саруул хандсан бололтой. Түүнээс биш хууль санаачлагч гишүүд бол өдөрт л 700-аад сая, жилдээ 200-аад тэрбум төгрөг орж ирээд монголчууд мөддөө идэж барахгүй юм ярьж ухуулга хийж байсан гээч. Гэтэл “алдарт 68%”-ийн хуулийг баталсан өдөр буюу 5 сарын 12-ноос хойш нэг сар өнгөрөхөд нэг унци алтны үнэ 200 шахам ам.долл, нэг тн зэсний үнэ 2000 ам.доллараар уначихсан байв. Одоо нөгөө 88,0 тэрбум маань юу болох бол? “Алаагүй баавгайн арьс” нөмөргөчихсөн байсан болж таарах юм биш биз дээ, арай!
Нөгөөтэйгүүр амьдрал дээр яаж хэрэгжүүлэх талаар урьдаас юу ч бодож төлөвлөөгүй, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагын хүмүүстэйгээ урьдчилж яриагүй, бэлтгээгүй гаргачихсан хууль учир өнөөдөр тэр татварыг ямар аргачлалаар тооцож, хэрхэн хурааж авах талаар Татварын Ерөнхий Газар, Сангийн яамны мэргэжилтнүүд өдөр шөнөгүй тархиа гашилгаж буй сурагтай.
Хуулийн 4.1.4-т “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг” гэсэн заалт мэргэжлийн хүмүүсийн дунд онигооны сэдэв болсон. Учир нь Лондонгийн металлын бирж дээр алтны үнийг тогтоодоггүй аж. МУУҮА-аас зохион байгуулсан нэгэн семинар дээр “The Balloch Group” –ын Ерөнхийлөгч Ховард Баллок гэдэг хүн “Хойд Америкийн зах зээлийн шаардлагууд болон ойлголтууд” гэсэн илтгэл тавих үедээ Лондонгийн металлын бирж дээр алт арилжаалдаггүйг хэлж байсныг дашрамд сонордуулъя.
Энэ хууль батлагдсанаас болж жирийн иргэд Бямбасүрэн гуайн ”түүхт” 20-р тогтоолоос дутахааргүйгээр хэл ам, хэрүүл тэмцэл босгож, хууль тогтоогч эрхмүүдийн тэртэй тэргүй тааруухан нэр хүндийг улам унаж, хууль ч хэрэгжиж эхлээгүй байхдаа л “гууль” болох  замдаа оров.

Олон санаат оргож чаддаггүй гэдэг
Бид ямар ч зүйлд хандахдаа хоёр туйл руу савлаж байдаг араншинтай болжээ. Дээрх хуулийг боловсруулан гаргасны нөгөө туйл нь жил шахам хэлэлцсэн нэртэй хэрэлдэж маргалдаж байгаа ч одоо болтол олигтой үр дүнд хүрсэн юмгүй доороо л хий дэвхцэх “Ашигт малтмалын тухай” хууль юм. Үүний явцыг ажиглахад хууль эрх зүйн актын үндсэн зорилго, ач холбогдол, агуулгыг чухалчлах бус “амтай” болгоны үг хэл, үзэл бодлыг “эхийг эцээхгүй, тугалыг тураахгүй” гэсэн зарчмаар ямар нэг хэмжээгээр тусгаж оруулахад л гол нь анхаараад байна уу гэлтэй. Агуулга, зорилго, үзэл баримтлал нь ардчиллын үнэт зүйлсийг алдагдуулахгүй байх нь чухал болохоос бус хуулийн үг үсэг бүрийг хүн хүнээс цуглуулан оруулснаар “ардчилсан хууль” болохгүй нь ойлгомжтой.
Шинэчлэн гаргах хуулийн заалтууд алдаатай байх аваас ард иргэд нийтээр хохирч, оновчтой сайн болох аваас хэн хүнгүй бүгд хожих учир маргаанд хэн дийлж, хэн дийлдэх нь чухал бус харин хэр зэрэг сайн хууль болох нь туйлын өндөр ач холбогдолтой юм.
Дор хаяж л “гавьяа байгуулдаггүй юмаа гэхэд гай тарихгүй” байх ёстой. Үүний тулд явж өнгөрснөө, яг одоогийн бодит нөхцлөө сайтар харж, таньж мэдсэн байх шаардлагатай. 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийн хамгийн эхний заалт нь: “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн буй. Тэгвэл өнөөдөр энэ хуулийг тойрон гарч байгаа маргаан шуугиан нь тэр хязгаараас бүр хальж, ашигт малтмал хайх, ашиглах тухай биш гадаадын хөрөнгө оруулалт, татвар, гааль, газар шороо, засаг захиргааны нэгжийн тухай хуулиудын заалтуудтай хүртэл хутгалдаж, жирийн иргэд зарим үед учрыг нь олоход бэрх холион бантан гэгч болж байна.
Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд гадаадын компаниуд манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн процесс нь дан ганц уг хуулиар бус “Гадаадын хөрөнгө оруулалтын”, “Татварын” гэх мэт олон хууль эрх зүйн актуудаар зохицуулагдаж ирсэн боловч түүний эерэг сөрөг үр дагавруудыг дан ганц ашигт малтмалын хайгуул, олборлолттой холбон тайлбарлаж байна. Хэрэв гадаадын компаниуд Монголд орж ирээгүй бол хуулиудыг тойрсон ямар ч маргаан гарахгүй, гарсан ч хуулиудыг гадныханд илүү их ээлтэй болгох шаардлагатай байгаа талаар л яригдах байсан даа гэж мэргэжлийн зарим хүмүүс ярьж байгаа нь эргэцүүлэх асуудал мөн.
1997 оны “Ашигт малтмалын тухай” хууль хэрэгжих хугацаандаа ямар эерэг болон сөрөг, шууд болон дам нөлөөллийг Монгол орны амьдралд үзүүлснийг бодитой харуулах баттай судалгаа, мониторингийн материал байхгүй шахам, гол төлөв хувь хүмүүсийн сэтгэлийн хөөрөл зонхилсон “ам” маягийн мэдээллүүд сонин хэвлэлээр цацагдаж байна. Ер нь ч манай улсын хэмжээнд салбаруудын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд л байхаас бус дотоод, гадаадын компани байгууллагуудын зүгээс байгаль экологи, ард иргэдийн нийгмийн асуудал, хуулийн сахин мөрдөлтийн асуудал, тэдний ёс зүйн хэм хэмжээний эерэг юмуу сөрөг үйлдлүүдийн талаар аль нэгэн байгууллага, хүмүүсийн хийсэн судалгаа, албан ёсны тоон мэдээлэл байдаггүй нь ямар нэг харьцуулалт, дүгнэлт хийхэд бэрхшээлтэй юм.
Тийм учраас зарим нэгэн “уур ихтэй” нөхдүүдийн яриад байгаа шиг “Алт хөтөлбөр л Монголыг балласан” гэх юмуу гадаадын “түрэмгийлэгчдийг” хөөгөөд гаргачих юм бол монголчууд жаргалын дээдийг эдлэнэ гэж шууд батлан хэлэх боломжгүй байна.
Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулсан өнөөгийн төслийг харахад олон янзын үзэл бодлоор хийсэн олон төслийг механикаар нийлүүлчихсэн, үзэл санаа, үндсэн зорилго чиглэл нь тодорхой бус гэж мэргэжлийн хүмүүс бичсэн байна лээ. Зарим заалтууд нь хэтэрхий жижгэрч байгууллагын дотоод журмыг санагдуулам байхад зарим нь Үндсэн хуулийнхтай дүйж очихуйц томорсон байх жишээтэй.
Уул уурхай, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, татвар, лиценз, газар эзэмшил…Монголын тусгаар тогтнол… гээд маш олон асуудлыг ганц хуулиар, ганц далайлтаар нэг мөсөн зохицуулах гэсэн үл бүтэх оролдлого юм шиг санагдсан.
“Олон санаат оргож чаддаггүй” гэсэн өвгөдийн ухаант үгийг энэ хууль “хүчингүй” болгож чадна гэдэгт би л хувьдаа итгэхгүй.

Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав бай!

Хууль боловсруулах, батлан гаргах процедур бүдүүн тойм байгаагаас амьдрах чадваргүй хууль олноор гарч, хуулийн нэр хүнд унаж, сүүлдээ хуулийг “тоодог” хүн үгүй болох нь.
УИХ-ын гишүүдийн “үндсэн ажил” нь үг хэлэх, бас, уучлаарай, идэх хоёр учир энэ үг хамгийн их хамаатай болж таарна. “Идэх” гэдгийг би шууд, өөрөөр хэлбэл дайллага цайллага, уулзалт хүлээн авалтанд орох, гадаад дотоод явах гэсэн  утгаар л хэлж буй болохоос  өөр санаа агуулаагүй юм шүү. Юуны төрийн өндөр албан тушаалтнууд хэлж буй үг, хийж буй үйлдлийнхээ төлөө хамгийн хатуу хариуцлага хүлээдэг баймаар санагдана. Яагаад гэвэл тэд өөрийгөө биш ард түмнийг төлөөлж, тэдний нэрийн өмнөөс, тэдний олгосон эрх мэдэлд дулдуйдаж, тэдний бүтээж бий болгож буй хөрөнгө мөнгө, баялгийг хэрэглэж үгээ хэлж, үйлээ бүтээдэг. Өндөр албан тушаалтнуудын үг яриа, үйл ажиллагаанаас нийт ард иргэдийн өнөө болон ирээдүй хойч шууд шалтгаална.
Нэгэн зүйл: Хамгийн наад зах нь УИХ-аас батлан гаргаж байгаа хууль болгонд албан ёсны товч мэдээллийг хавсаргадаг байх. Тэнд хуулийг бүхэлд нь болон заалтуудыг санаачилсан, боловсруулсан, дэмжсэн, татгалзсан гишүүдийн нэр, хуулийг боловсруулж, хэлэлцэж баталсан хугацаа гээд товч боловч чухал мэдээллүүдийг багтааж болно. Санаачилж батлуулсан хууль нь сөрөг үр дагавар авчирсны төлөө шийтгээд байдаггүй юмаа гэхэд маш мундаг хууль баталж, тэр нь ард түмэнд үлэмж тус болох юм бол шагнадаг, эцсийн үр дагавар нь ямар байхаас үл хамааран муу бол “хэний тарьсан гай”, сайн бол “хэний байгуулсан гавьяа” гэдгийг ядаж цөмөөрөө мэддэг байя л даа.
Нэгэн зүйл: Зарим оронд 10-аас доошгүй парламентын гишүүн нийлж байж хууль санаачлах эрхтэй байдаг гэж би сонссон. Манайд авч хэрэглэх л жишээ. Тэгэхгүй бол “наад Гүндалай чинь Засгийн газарт ч хэлэлгүй ганцаараа хууль биччихээд түүнийгээ батлуулах гэж гишүүдэд “69” энэ тэр өгнө гэж лоббидоод байна шүү. Хуулийг нь битгий батлаарай, та минь” гэсэн төрийн ажил гэхэд хэцүү үйл явдлууд тасрахгүй янзтай.
Нэгэн зүйл: Онцгой ач холбогдолтой, хамрах хүрээ нь маш өргөн суурь хуулиудыг парламентын бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь баталснаар хүчин төгөлдөр болдог жишиг ч бий аж. Манайд Үндсэн хуулиас бусад хуулиудад ийм заалт байхгүй санагдана.
Нэгэн зүйл: Аливаа салбарын зохицуулалт бүхий хуулийг заавал тухайн салбарын мэргэжилтнүүдийн түлхүү оролцоотойгоор боловсруулж баталдаг байхгүй бол адгийн наад зах нь мэргэжлийн хэллэг, нэр томьёо утга учраа алдах нь. Одоо бэлэн болоод байгаа Ашигт малтмалын хуулийн төслийг уншсан Маркшейдерийн холбооны тэргүүн, ШУТИС-ийн багш, манай уул уурхайн салбарын урдаа барьдаг ахмад мэргэжилтнүүдийн нэг Д.Дондов гуай бүр аргаа барчихсан суухтай нь би таарсан. “Дэлхийн бөмбөрцөг бөөрөнхий байдаг учир лицензийн талбайн цэгүүдийг шулуун шугамаар холбосон байх тухай ойлголт хэзээ ч байж болохгүй гэдгийг л эд нар мэдэхгүй байна шүү дээ. Ганц энэ биш мэргэжлийн бус бүү хэл мэргэжлийн хүн ч уншаад ойлгохын аргагүй алдаатай юм өч төчнөөн. Хуулийн тэр үзэл баримтлал нь хамаагүй гэхэд энэ чинь надад хамаатай юм шүү дээ” гээд бухимдаад байгаа юм даа.
Тиймээс ямар ч хуулийг батлахаасаа өмнө өндөр мэргэжлийн хүмүүсээр экспертизийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулдаг байх нь чухал ач холбогдолтой байх болно.

Хуулийг зохиодоггүй…

Перестройка эхэлж байх үед шиг санагдана, Оросын хуульч-сэтгүүлч, эрдэм номтой нэгэн хүн: “Манай хуульчид хуулийг зохиодгоос болж маш их алдаа гаргаж байна. Ньютон ч, Дарвин ч хуулиудаа зохиогоогүй, нээсэн юм шүү дээ. Хуулийг зохиодоггүй, харин нээдэг юм. Нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд ч нэгэн адил” гэж бичсэн байж билээ. Хараад байхад барууны өндөр хөгжилтэй орнууд энэ ойлголтын дагуу л ханддаг юм шиг санагддаг. Юу гэвэл, тухайн хуулийг сахиж мөрдөхөд хувь хүнд ч, байгууллагад ч учрах хүндрэл бүрхшээлийг аль болох бага байлгах, баяртайгаар хүлээж аваад сахиж мөрдөөд эхэлдэггүй юмаа гэхэд эсэргүүцээд, зугатаагаад байхгүйгээр хуульчлахыг хичээдэг юм шиг харагддаг. Иргэд нь танхай, боловсролгүй, бүдүүлэг байснаараа хууль дандаа зөрчигдөөд байдаг ч юм биш, бас хууль нь бүдүүлэг, тэнэг учраас хэрэгжиж чадахгүй байх олон тохиолдол бий.
Зүлгэн дээр гишгэвэл 5 төгрөгөөр торгоно гэж айлгадаг байсан цаг л даа. Миний нэгэн танил Герман ч бил үү Европын нэгэн социалист оронд явж ирэхдээ тэд яагаад зүлгэн дээрээ гишгэдэггүйн “нууцыг” мэдчихээд ирснээ ингэж ярьсан юм.
Тэд шинэ барилга барьчихаад өмнө нь шууд зүлэг суулгаад эхэлдэггүй гэнэ. Эхлээд зүлэг суулгах талбайгаа сайхан тэгшлээд орхичихно. Байшингаас гарч ирсэн хүмүүс тэр дээгүүр нь гишгэцгээгээд л байх аж. Хоёр гурав хоногийн дараа хүний хөлөөр нарийхан жимүүд  үүсэх бөгөөд яг тэр дагуу нь явган зам тавиад бусад газарт нь зүлгээ суулгачихдаг юм байна лээ. Түүнээс биш тэднийхэн нэг их соёлтойдоо ч зүлгээ гишгэдэггүй юм биш байна лээ гэж тэднийг “муу хэлсэн” юм.
Гэтэл бидний сэтгэлгээ ямар билээ? Зун болохоор модны мөчир, сүүдэрт халхлагдаад харагдац муутай болчихдог авто замын тэмдгүүд байдаг. Тийм тэмдгүүдийн цаахан талд замын цагдаа зогсож байдаг. Жолооч нар тэмдэг харалгүй өнгөрөөд осол аваарт орчих вий гэж санаа тавьсандаа тэгдэг гэж бодож байна уу, та? Үгүй дээ. Жолооч нар тэмдэг харалгүй өнгөрөөд ирэхээр нь торгох гээд отож байдаг юм. Энд та хэн нэгнийг буруутгахгүй  байх аа. Учир нь манай улсын хууль, дүрмүүд л үйлчилж байна шүү дээ.
Энэ бол харин ч ойлгомжтой байна. Бүр дагаж мөрдөх бүү хэл, ойлгохын аргагүй  далд утгатай ч юмуу, эсвэл ерөөс огт утгагүй ч юмуу “зохиол” бичих нь элбэг. Захын ганцхан жишээ татахад л  “Ашигт малтмалын тухай” хуулийн хэзээ хэзээгүй батлуулахад бэлэн болчихоод байгаа төсөлд “…Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөлтэй, цэрэг дайны зориулалтаар ашиглаж болох, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогод нөлөөлөх хэмжээний үйлдвэрлэл явуулах боломж бүхий ашигт малтмалыг хуримтлалыг стратегийн орд гэнэ… Тэрчлэн  төрийн хяналтад байх ёстой атом, цөмийн болон эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагддаг эрдсийн түүхий эдийг стратегийн ашигт малтмал” гэнэ  хэмээн тодорхойлсныг уншихад юу гэх гээд юу гээд байгааг үнэхээр ойлгоход бэрх болжээ. Гадаад, дотоодын хүмүүс хувийнхаа өмч хөрөнгөөр ашигт малтмалын орд газруудыг олж нээснийх нь дараа аль өнгөтэй өөдтэйд “стратегийн” гэсэн нэр өгөөд төрийн мэдэлд хурааж авах юм байна гэснээс өөр утга энд алга байна. Тэгвэл үүнийгээ энгийн ойлгомжтой, шууд л хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ямар үр дүн гарахыг нь хүлээцгээе. Харин “зохиолч” тодорхой байх ёстой гэсэн санаагаа би дээр хэлсэн.

Ps: Энэ нийтлэлийг тэр үедээ “Өнөөдөр” сонинд нийтлүүлсэн юм.

Т.НАРАН    2006.06.21

Posted in Уул уурхай | Leave a Comment »

ХЭНИЙ ТӨЛӨӨ ТЭД АЖИЛЛАДАГ ЮМ БЭ?

Posted by Naran on March 29, 2009

“Өдрийн сонин”-ы 2009 оны анхны дугаарт “2008 оны сүүлчийн олигархи” нэртэй өгүүлэл нийтлэгджээ. Жирийн монгол хүний хувьд миний ихэд эмзэглэж, бухимдаж явдаг нэг зүйлийг өгүүллийн төгсгөлд хөндөөд орхисныг нь цааш үргэлжлүүлмээр санагдсан тул үүнийг тэрлэж сууна. Ер нь энэ бол сонинд ганц хоёр удаа бичээд өнгөрөх ёстой биш бүр дотоод, гадаадад амьдарч ажиллаж байгаа бүх монголчуудаараа нухацтай хэлэлцүүлэх учиртай, бидний өдөр тутмын ахуй амьдралаар зогсохгүй улс орны нийгмийн хөгжил, тусгаар тогтнол, аюулгүй байдал, монгол хүний генфондыг хамгаалахтай ч холбоотой асуудал мэт санагддагийг эхэнд өгүүлье.

Зохиогч маань дээрх өгүүлэлдээ Монгол улсын хууль зөрчсөн, эдийн засгийн болон ёс суртахууны үлэмж хор хохирол дагуулсан боловч хэн ч анзаараагүй, анхаарал хандуулаагүй учраас “нууц” гэж болох “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” хоёр тогтоолыг Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргасныг “илрүүлсэн” ч бас арай дутуу орхижээ. Ийм тогтоолууд бүр 2000-аад оны үеэс эхлээд тасралтгүй үргэлжилсээр ирсэн юм. Манай Засгийн газраас ингэж тасралтгүй зөвхөн огноо болон зарим аж ахуйн нэрийг сольж тавиад л бөөн бөөнөөр нь гаргадаг тогтоол өөр байхгүй гэдэгт би эргэлзэхгүй. Улирагч онд л гэхэд өгүүлэлд дурьдсан шиг хоёрхон биш харин 76, 125, 135, 158, 283 гэсэн дугаар бүхий таван тогтоол 2008.02.27-ны өдрөөс 2008.07.09-ны хооронд гарсан байдаг.
Бүх тогтоолууд ганцхан зорилготой. Тэр нь Монголын барилга, зам, уул уурхайн салбарт Хятад ажилчдыг олон мянгаар нь оруулж ирж ажиллуулах, тэгэхдээ гадаадын хүмүүсийг ажиллуулсан тохиолдолд Монгол улсад төлөх ёстой хуулиар тогтоосон төлбөрөөс тэднийг бүрэн чөлөөлөх.
Эдгээр таван тогтоол бүгдээрээ “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:..” гэсэн нэг ижил өгүүлбэрээр эхэлнэ. Өөрөөр хэлбэл тогтоолыг гаргах хуулийн үндэслэл нь энэ. Хоёр дахь заалтанд монгол, хятад нэртэй, зам, барилга, уул уурхайн олон компаний нэрс, тэдгээрт гадаадаас авч ажиллуулахыг зөвшөөрсөн олон мянган хүний тоо. Харин гурав дахь заалт нь гадаадын эдгээр олон мянган хүнийг “…ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй”.

Энэ тогтоолуудын хууль эрх зүйн цорын ганц үндэслэл болох “…хуулийн 7.3 дахь хэсэгт заасныг…” үзье л дээ. “…7.3. Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг арилгахад шаардагдах ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гадаадаас ажиллах хүч авч болно”.
Энд … ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд л гадаадаас хүн авч ажиллуулах тухай зааснаас бус “…ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй” хэмээн тушаах эрх мэдлийг Засгийн газарт олгосон үг, үсэг огт алга. Харин ч хуульд: “9.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т  заасан хэмжээгээр төлнө” гээд сар бүрийн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар хуульчилсан буй.
Тэгвэл энэ төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх өөр үндэслэл байгаа юм биш биз? Байна аа. Хуулийн 9.5-д: “Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар ажиллаж байгаа гадаадын иргэд, түүнчлэн боловсрол, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнууд Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнуудад энэ зүйлд заасан төлбөр хамаарахгүй” гэж. Молхи миний ойлгосноор дээрх төрлийн ажил албыг Монголд эрхэлж буй гадаадын иргэд төлбөрөөс чөлөөлөгдөж болох аж. Гэхдээ ямар нөхцөлд энэ заалт хэрэгжих учиртайг “Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд” гэж булзах, бултах аргагүйгээр зааж өгчээ. Төлбөрөөс чөлөөлөх тухай ч юмуу түүнд хамаатуулаад ойлгочихоор, эсвэл гөрдчихмөөр өөр ямар ч үг үсэг хуулинд алга л байх юм.
Би дээрх 5 тогтоолоор төлбөрөөс чөлөөлөгдсөн бүх байгууллага, хүмүүсийн тухай бүгдийг энд нуршилгүй зөвхөн төрийн өндөр сэнтий дэх монгол ноёдын ивээлийг дахин дахин хүртсэн “амны хишигтэй” компаниудын заримыг дурьдая.
Засгийн газар 2008.02.27-ны өдрийн 76-р тогтоолоороо: … “Насны зам” ХХК-ийн 183, “Ханшин Инжиниринг Констракшн” ХХК-ийн 278, “Чайна Гео-Инжиниринг Корпорац”-ийн 342 ажилтныг чөлөөлсөн бол дахиад 2008.04.09-ний өдрийн 135-р тогтоолдоо: …“Насны зам” ХХК-ийн 177, “Ханшин Инжиниринг Констракшн” ХХК-ийн 334, “Чайна Гео-Инжиниринг” корпорацийн 258 ажилтныг … ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй” хэмээжээ. Бас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 1810 ажилтныг 2008.04.02-ны өдөр, мөн 1800 ажилтныг 2008.07.09-ны өдөр дахин төлбөрөөс чөлөөлжээ.

Ингэх л байсан юм бол тийм хууль гаргахын утга учир юу байсан юм бэ?? Хэрэв мөрдөж сахихгүй юм бол хууль батлан гаргахын хэрэг байна уу? Ер нь бидэнд хууль хэрэг байна уу? Тухайлбал, “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” Монгол улсын хууль монголчууд бидэнд ямар хэрэгтэй хууль вэ? Манайд өнөөдөр зах зээл, даяаршлын ачаар олдохгүй юм гэж бараг алга болсон. Олоход хамгийн хэцүү, хамгийн ховор юм гэвэл гайгүй шиг цалин орлоготой ажлын байр гэдэгтэй маргах хүн үгүй байх. Монголын хувьд ийм ажлын байр барилга, зам, уул уурхайд л цөөн ч гэсэн байдаг. Эдгээр салбаруудад дотоодын болон гадаадын, төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хамгийн их ордог, нэг үгээр харьцангуй их мөнгө эргэлддэг газар. Тэнд ажиллагсдын цалин хангамж манай бусад аль ч салбараас илүү. Гэтэл ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллах үндсэн ганц үүрэгтэй Засгийн газар маань юу хийгээд байгаа нь энэ вэ? Яагаад ажлын байр, амжиргааны эх үүсвэрийн хомсдлоос болоод хамгийн залуу, хамгийн чадалтай, хамгийн эрүүл саруул залуус маань гадагш цувж байхад тэдэнд оногдох ёстой ажлын байруудыг булаан авч, хуулиа зөрчин байж гадныханд өгөөд байгаа юм бэ??
Яагаад эх орныхоо орлого сайтай ажлын байранд ажиллан амьдарч байх боломжтой хүүхэд залуусаа өөрийнх нь ажлын байрыг эзлэн авсан харийнханд биеэ үнэлэн гол зогоохоос өөр аргагүйд хүргэж байгаа юм бэ, Ерөнхий сайд аа?
Монгол оронд элдэв аргаар орж ирсэн бичиг үсэг ч мэдэхгүй, хирээ угааж үзээгүй хятадууд төдий удалгүй нийслэлийн маань аль өнгөтэй өөдтэй хэсэгт орд харшид тухлахын хэрээр төдий тооны монгол хүн ажилгүй, орон гэргүй болж траншей, Улаанчулуутын хог, оршуулгын газрууд руу шилжиж ирснийг та бид бүгд мэднэ дээ.
Уул нь иймэрхүү зүйлүүдийг л бодолцож дээрх хуулийг 2001 онд батлан гаргасан байх л даа, чааваас.  Энэ хуулийн 9.4-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол ажлын байрны төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтын санд төвлөрүүлж, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулна /Энэ хэсгийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчилсөн/ гэж заасны утга учрыг би тайлбарлаад ч яах юм билээ.
Манай төр засгийн эрх мэдэлтнүүд хэний хөрөнгө мөнгөөр хэний төлөө ажилладаг юм бэ гэж бодохоор би үнэхээр мэдэхгүй, эргэлзэж, итгэл алдарч, гутарч байна.

Т.НАРАН

Posted in Төр засаг | Leave a Comment »

ЧОНО ӨӨРӨӨР ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ?

Posted by Naran on March 28, 2009

Төр гэмэгц л хамгийн түрүүнд дарга, цагдаа, шүүх, шорон санаанд тань орно. Ингэхээс ч өөр яах билээ. Эдүгээгийн төр гэдэг ойлголт ийм л юм чинь. Шоронгуудыг бүгдийг устгая гэвэл өнөөдөр шоронд өөрөө ороогүй байгаа хүн бүхэн эсэргүүцнэ. Тэнд байгаа бүх хоригдлууд гарч ирэх юм бол хүн төрөлхтний амар тайван амьдрал дуусна гэж эмээнэ. Хамаг муу муухай, хог шаар болсон хүмүүсийг шоронд хийж цоожилчихоод сайн хүмүүс нь амар тайван амьдарч байгаа юм байна л даа. Үүнийгээ “нийгмээс тусгаарлах” энэ тэр гэж нэрлэнэ. Харамсалтай нь өчүүхэн ч тусгаарлагдсан юм байхгүй л байгаа байхгүй юу. Нүдээ аньчихаад “гэрэл алга болчихлоо” гэж байгаатай яг адил. Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш энэ орчлон дээр амьдрах аргаа олоогүй байна. Түүний хамгийн наад захын жишээ нь шүүх, цагдаа, шорон. Нэг их жаргалтай, амар тайван, эвтэй найртай сайхан амьдрах гэсэн чинь бие биенийхээ өмчийг хулгайлаад, луйвардаад, бие биенээ алаад, дээрэмдээд амар заяа үзүүлэхгүй болжээ. Чухам хэнийх нь буруугаас ийм юм болоод байгаа дээр санал нэгдэж чадахгүй байсан тул ерөөс үүнийг тодорхой хэлж чаддаг “ариун шударга амьтан”-ыг бодож олсон нь шүүх. Бас шүүхийн шүүх, тэдгээрийн шүүх, бүр хамгийн дээд шатны шүүх… Шүүх л буруутай гэсэн бол буруутай гэж үзэхээр хэлэлцэн тогтов/Гэхдээ үүнээсээ буцаж, булзах, нөгөө шүүхээ яллах нь энүүхэнд болсныг орхьё/. Тэгээд буруутай нөхдүүдийг яахав? Ингээд л шорон, шоронгоо “ажиллуулах” хөрөнгө мөнгө, багаж зэвсэг, “мэргэжлийн” хүмүүс, манах хуяг, баривчлан авчрах цагдаа, энэ салбарыг хариуцсан яам, сайд, мэргэжлийн сургууль, багш… гээд л ар араасаа хөвөрч өгсөн хэрэг. Гэсэн ч юу ч дээрдсэнгүй, харин ч байдал улам дордон уруудсаар атал эдүгээ үүнээс өөрөөр байх аргагүй гэсэн итгэл үнэмшил хэвийн зүйл болон хувирав. Нүгэлтнүүдийг гэсгээх ёстой шорон нь гэгээнтнүүдийг харгислан тарчлааж үхүүлэх тамын орон болж хувирсан шүү дээ. 1930-аад онуудад шоронгууд ямар хүмүүсээр дүүрэн байсныг санацгаа. Хамгийн билэг төгөлдөр оюунлиг эрдэмтэддээ, яруу найрагчиддаа, соён гэгээрүүлэгчиддээ, хүний ертөнцийн сайн сайхан ирээдүй, нийгмийн ариун шударгын төлөө зүтгэгчиддээ хүн төрөлхтөн “өгдөг” орон сууц нь шорон болсон. Яг өнөөдөр бол байлдаад ялсан нь ялагдсанаа, эсвэл төрийн эрх баригч хэсэг бүлэг нөхөд өөрсдийнх нь бузар булайг илчилсэн, эсэргүүцэл үзүүлсэн, эрх мэдэл, алба тушаал булаалдаж магадгүй нэгнийгээ барьж хорьж, тамладаг газар болсныг нийтээр мэдэж буй. Өнөөдөр шоронд суугсад нь маргааш төрийн эрхэнд гармагцаа нөгөө өчигдрийн “сайдууд”-аа “гэмт хэрэгтэн” гэж зарлан өөрсдийнхөө оронд аваачиж цоожлох жишээтэй. Гэтэл жинхэнэ гэм нүгэлтнүүд нь үй олноороо байсаар, байсаар үл барам тооны хувьд улам үржин өссөөр, “мэргэшлийн”-ийн хувьд улам төгөлдөржсөөр эдүгээ хүрэв. Аргаа барахдаа “хүүхдийн”, “эмэгтэйчүүдийн”, “цэргийн”, “улс төрийн”, “анх хэрэг үйлдэгчийн”, “засрашгүй хэрэгтний”/рецедив/, “насаараа хоригдогчийн”, “эдийн засгийн хэрэгтний”, “цагаан захтны”, “урьдчилан хоригдогчдын” гэх мэтээр тоолоод барагдамгүй олон нэр төрлийн шоронгуудыг байгуулсаар, тэр тусам байдал нь доройтсоор л байна. Ажаад байхад удахгүй хүн төрөлхтний тал нь шоронгийн хоригдол, үлдсэн нь шоронгийн хуяг болох бололтой. 10 тэрбум төгрөг халааслаад орсон хүний хувьд шорон нь шорон биш, орон ч биш бүр ордон болно. Шоронгийн хоригдлууд төдийгүй албан хаагчид нь тэр чигээрээ түүний үйлчлэгч, хамгаалагч, шадар туслагч, халамжлагч нь болно. Шорон нь хамгаалалт, хангамж, халамж үйлчилгээ, аюулгүй, аятай тухтай, амар тайван амьдрах орчин нь болон түүнд зүтгэдэг жамтай. Өнөөгийн моод өнөөгийн Монголоор дуусдаг болохоор манайд дөнгөж одоо нэвтэрч байгаа болохоос ер нь ганц удаа олигтойхон том дээрэмдэж, хулгайлж чадвал нэг насаараа, тэр бүү хэл хэдэн үеэрээ эд хөрөнгөөр дутагдаж гачигдахгүй амьдарч болдог гэдгийг “өндөр хөгжилтэй” орны хүмүүс аль эрт “нээчихээд” хэдэн зууны турш улам боловсронгуй болгон хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн шүү дээ. “Төмөр зам дээрх вагонтой ачаанаас хулгай хийвэл хулгай, харин ачаатай вагоныг төмөр замтай нь хулгай хийж чадвал бизнес” гэсэн тодорхойлолт одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгааг мэдэж байгаа биз дээ.Хадгаламж зээлийн хоршоодын луйвар, “Хадгаламж” банкны хулгай бол “их юм”-ны зөвхөн эхлэл, оролдлого төдий зүйл юм. Дахин ийм зүйл, үүнээс ч илүү аймшигтай, урьд өмнө нь бидний зүүдэнд ч орж байгаагүй үйлдлүүд гарах болно. Гарах гарахдаа өмнөх “туршлагууд” дээрээ тулгуурлан бүр улам боловсронгуй, улам харгис, улам эрээ цээргүй, улам олон хүнийг хамарсаар байх болно. Монгол төрийн “алтан аргамж”-ны бодлоготнууд байх учиртай дипломат ажилтнууд маань гадаад улс орнуудын хил зөрчиж, бусдын хууль ёсыг уландаа гишгэж хар тамхины наймаа хийж баригдах нь ердөө азгүйтэл мэт харагдах болно. Саяхан даа, Гансүх гэдэг залуу 90 сая төгрөгийн залилангийн хэрэг хийсэн нь бөөн сенсаци л болж байсан биз дээ? Тэгвэл өнөөдөр тэр бол зүгээр л саваагүй хүүхдийн гэнэн үйлдэл байсан мэт, эсвэл арай эрт түрүүлж хөдлөөд баригдчихсан золгүй хүн шиг танд санагдахгүй байна гэж үү? Тэгвэл хамгийн гайхалтай, бас гунигтай нь өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй гэж нэрлэгдээд байгаа орнуудыг юун улс манатай ердөө хэсэг бусаг хүн сүргүүд байхад нь төрт улс байсан Монголд ийм “балиар” юм байгаагүй юм. Байгаагүй ч гэж дээ, бидний өвөг дээдэс байлгаагүй юм. Та бүхэн “Монголын нууц товчоо”, “Лу.Алтан товч” гээд өдгөө сургуулийн хүүхдүүдийн сурах бичиг болчихсон номуудад “цагдаа” ч юмуу “шорон”, “шоронгий хулгайч”, “шүүх хурал” энэ тэр гэсэн үг хэр зэрэг олныг олж үзсэнээ бодоод үзээрэй. Монголын төрд шүүх, шорон, цагдаагийн хэрэгцээ байсангүй. Хулгайч, дээрэмчид, луйварчид, алуурчид нь чөлөөтэй тэнэж, хүссэнээ хийж явдаг байсан байх нь гэж бодуузай. Тэднийг нартад ерөөс төрүүлдэггүй байсанд хамаг учир оршино. Гэмт хэрэгтэн болох хүнийг гэдсэнд байхад нь таньж мэдчихээд хонины бэлчээр дээр аборт хийдэг байж гэж орчин үеийн ухаанаар бодуузай. Үүнийг мэс ажилбараар бус төрийн бодлогоор зохицуулдаг байж. Монголчуудын баримталдаг зарчим нь муу муухайг бий болгочихоод дараа нь тэрийгээ дарах гэж бөөн юм болох биш ерөөс муугийн үрийг тарихгүй байх, тийм үр бүрэлдэн бий болохоос хатуу чанд сэргийлж чаддаг тийм нийгмийн систем үйлчилдэг байлаа. Нэг үгээр хэлэхэд аливаа үйлийн үр дагавартай нь тэмцэх бус тийм зүйл үүсэх шалтгааныг бий болгохгүй гэсэн үг юм. Бүр тодотговоос ямар ч жигшүүрт алуурчин, дээрэмчин эхийн хэвлийд үр болон бүрэлдээд, тэндээсээ хүмүүсийн дунд төрдөг энгийн үнэнд тулгуурлан ердөө эхийн хэвлийд хулгайчийн үр бүрэлдүүлдэггүй байжээ. Хүмүүс өөрсдөө л араатан мэт аюулт “амьтан”-ыг төрүүлж, өсгөдөг, үржүүлж олшруулдаг болохоос тэд дур зоргоороо бий болдоггүй. Нэгэнт төрсөн бол амьдрах жамаараа л амьдрана. Нийгмээс тусгаарлаад хорьчихоор л “ухамсар” суугаад сайн сайхан “амьтан” болоод хувирчихгүй. Хулгайчаас хулгайч л төрдөг, тэр нь хулгай хийж л амьдардаг. Чоно болж төрсөн бол чонын амьдралаар л амьдрахаас өөрөөр яаж амьдрах юм бэ?! Монголчууд араатнаас араатан л төрдөг байгалийн хуулийг танин мэдэж чадсан учраас өөрсдийнхөө дунд араатан төрүүлэхгүй байх аргыг эзэмшиж чадсан ард түмэн. Мэдээж төгс төгөлдөр зүйл хаа ч байдаггүй тул ямар нэгэн “цоорхой”-гоор муу үр соёолчихвол түүний “үйл үрийг” цаашид үргэлжлүүлэхгүй тэр даруй таслан зогсоодог байв.Эл өгүүлэлд шорон, гэмт хэрэгтэн, шүүх цагдааг нэг л жишээ болгосныг ойлгоно биз ээ. Баахан сэтгэцийн өвчтэй хүмүүс бий болгочихоод тэднийгээ “маллаж, өсгөж үржүүлэх” гэж бөөн юм болдог, эсвэл хэсэг “траншей”-ны хүүхэд төрүүлчихээд “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”-үүдийг ярайтал байгуулж, тэр хүүхдүүдээсээ ч олон “хүүхэд хамгаалах” байгууллага, дарга нар бий болдог, мөн тоймоо алдсан олон “эмзэг бүлгийн” хүнийг төрүүлж өсгөчихөөд дараа нь тэднийгээ “хүний дайтай” болгох нэрийн дор дэлхий хэсүүчлэн гуйлга гуйж явдаг гээд өнөөгийн нийгмийн “халамжтай” холбоотой асуудлууд бүгд үүнээс үүдэлтэй юм шүү. Ядарсан зүдэрсэн, өвчтэй зовлонтой нэгнийгээ харж хандах нь хүний ёс, энэрэнгүй сэтгэл мөн боловч зарим нэгийгээ тийм дорд “заяатай” болгож төрүүлэх нь хамгаас харгис явдал билээ. Тэгвэл яаж үүнийг шийдвэрлэдэг байсан юм бэ гэсэн асуулт мэдээж гарна. Одоогийнхоор бол төрийн хүн ам зүйн бодлогоор, уламжлалт ухаанаар бол байгалийн удамшлын хуулинд нь нийцүүлэн үүнийг зохицуулдаг байжээ!Өмнөх үеэ үл тоосоор, өв уламжлал, унаган ухаанаасаа холдон холдсоор мөхлийн ирмэгт ирж, бусдын боол болохынхоо цагт эргэн ирж авагтун хэмээн хэрхэн, яаж хэрэгжүүлэх арга замыг нь ч бидэнд мөн хэлж үлдээсэн юм шүү. Үлдээснийг нь олж үзсэний учир элэг нэгтнүүддээ хандан үүнийг тэрлэвэй.

Тайлбар: 2008 оны эхээр доктор Л.Түдэв гуайн “Дал” сонинд анх нийтлүүлсэн.

Т.НАРАН

Posted in Түүх, уламжлал | Leave a Comment »

МОНГОЛЧУУДЫГ ШАШИН АВРАХГҮЙ

Posted by Naran on March 28, 2009


Үндэстний үнэт зүйл болох уламжлалт өв соёл, ёс заншлаа сэргээн хөгжүүлэх талаар бид олон юм ярьж бичицгээж байгаа ч яг юуг хэлээд байгаагаа мэддэг хүн цөөн, мэддэг тэр цөөнийгөө сонсдог хүн бас цөөн байна. Тэр ч бүү хэл, уламжлал соёл маань Түвдийн шашин бөгөөд түүнийг л цэцэглүүлэн мандуулж, сүсэглэн явбаас жаргалын дээдэд хүрэх мэтээр эрээ цээргүй сурталдах болсон нь түгшүүртэй. Ямар ч шашны зүтгэлтнүүдийн ажил, амьдралын утга учир нь өөрийн шашныг аль болох өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхийн төлөө зүтгэхэд оршдог болохоор шарын шашныг бүх монголчуудынх болгохын тулд чадах бүхнээ хийж байгаа Гандантэгчинлэн тэргүүтэй хийдүүдийн санваартнуудыг буруутгах аргагүй. Соёлын Гавьяат Зүтгэлтэн хэмээх цолыг Монголын төрөөс хүртсэн шарын шашны томоохон хувраг Г.Пүрэвбат “Өнөөдөр” сонинд/2007.06.14/ өгсөн ярилцлагадаа Чингис хааныг Түвдийн шашны хувилгаан байсан хэмээн нотлох оролдлого хийснийг хүмүүс мартаагүй болов уу. Шашны зүтгэлтний хувьд өөрт оногдсон ажил үүргээ л гүйцэтгэж буй нь тэр байх. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд ард иргэдийг баталгаатай эх сурвалжгүй, үндэслэлгүй хоосон мэдээллээр төөрөгдүүлэхийн хажуугаар төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлөх аргыг шууд хэрэглэж, тэр нь үр дүнд хүрээд байгааг анзаарахгүй байж боломгүй.

Үүний томоохон жишээ бол Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007.05.31-ний өдрийн “Очирвани шүтээнийг бүтээн залах тухай” 129 тоот зарлиг юм. Уг зарлигт дурдсанаар бол энэхүү Очирвани шүтээн гэдэг нь “Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт,… Монгол түмнийг ивээгч,…Үндэсний эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл…” учир түүнийг бүтээн залах нь “үндэсний ухамсар сэтгэлгээ, шашин соёл, түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, иргэд олны сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл утгатай” гэнэ. Үүнийг уншихад аль нэг улсын төрийн тэргүүний шийдвэр гэхээсээ тухайн шашны томоохон зүтгэлтний уриалга ухуулга гэмээр бодогдоно. Н.Энхбаяр ямар шашин шүтэх нь тухайн хүний хувийн хэрэг, эрх, эрх чөлөө гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү төрийн өндөр эрх мэдлээ ашиглан өөрийн шүтдэг шашнаа нийт ард иргэдэд ийнхүү зарлиг тушаалаар тулган хүлээлгэх, улмаар тэднийг халаасан дахь хоолны мөнгөө үүнд зориулан өргөж хандивлахыг ухуулан ятгаж байгаа нь нэн зохимжгүй санагдана. Монголд одоогоор Шарын шашнаас өөр шашин шүтдэг 200 мянгаад хүн бий гэсэн тоо бий. Дээр нь атейстууд, аль нэг шашныг бус Монголын уламжлалт гүн ухааныг дагадаг, мөн Буддын гүн ухаан, сургаалыг/энэ бол шарын шашин биш шүү/ шүтэн биширдэг хүмүүсийг нэмбэл шарын шашныг үл дагагчид хэд болох нь тодорхойгүй. Монгол улсын Үндсэн хуулинд: “Монгол улсын иргэн … шашин шүтэх, эс шүтэх эрхтэй,…”, “хүнийг … шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн тов тодорхой заалтуудыг дэмий нэг оруулаагүй болов уу. Ерөнхийлөгчийнхөө зарлигийг бид дагах үүрэгтэй. Тэгвэл яагаад мусульман болон христийн шашинтай иргэд, Бурхны сургаалыг шүтэгчид, шашингүйчүүд шарын шашинтнуудын эрхэнд орж, тэдний шашныг дэлгэрүүлэхэд материаллаг болон оюун санааны дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой юм бэ? Ямар ч шашны байгууллага, сүм хийдүүд зөвхөн өөрийн сүсэгтнүүд, шүтэн дагагчид, дэмжигчдийнхээ санхүүжилтэнд тулгуурладаг нь дэлхий дахины ёс. Гэтэл Монголын шарын шашинтнууд болохоор төрөөс, төсвөөс, бүх ард иргэдээс санхүүжилт авч, цаашид улам их авахаар зүтгэж байгаа нь, тэр бүү хэл төрийн зарим институцид нөлөөлөн түүгээр сүм хийдийн ажлыг хийлгүүлээд байгаа нь хэрээс хэтэрсэн явдал биш гэж үү?

Цагаан сарыг тохиолдуулан шарын шашны төлөөлөгчдийг хүлээн авч хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч: “…миний зүгээс …Очирвани их шүтээнийг бүтээх зарлиг гаргаж, буддын мэдлэг ухаан, үнэт зүйлс, боловсрол хүмүүжлийг нийтийн хүртээл болгох, сүм хийдийн үйл ажиллагааг татварын хөнгөлөлтөөр дэмжих, лам хуврагуудынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэн урамшуулах зэрэг олон хэлбэрээр ивээл дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж ажиллалаа. Энэ бодлого зарчмаа би цаашид ч тууштай үргэлжлүүлэх болно ” хэмээн ил тодоор зарлан тунхаглажээ.Монголд олон шашин нэвтэрч, тэдний сүм хийдүүд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, шүтэн бишрэгчид олноор нэмэгдсээр байгаа нь нэгэнт тодорхой байхад Үндсэн хуулинд зааснаар “… Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” байх учиртай Ерөнхийлөгч маань ийнхүү өөрийнхөө шүтдэг шашныг онцгойлон “харж үзээд” байх нь манай улсын Үндэсний аюулгүй байдалд ч урьдаас таагдашгүй хор хохирол авчрахыг үгүй гэх аргагүй. Төрийн бодлогоор ялгаварлагдан гадуурхагдаж, “гишгэх газаргүй” болж магадгүйг харж, мэдэрч буй бусад шашны сүсэгтнүүдийн дотор ил, далд хэлбэрийн эсэргүүцэл тэмцлийн үр хөврөл бүрэлдэж шашин хоорондын дайсагналцлын үрийг ч тарьж мэдэх аюултай бус уу. Дараа дараагийн Ерөнхийлөгчүүд заавал шарын шашинтан хүн байх болно гэсэн баталгаа хаа байгаа юм бэ?

“Цогт тайж” киног үзээгүй хүн байхгүй байх. Тэрбээр Түвдийн шарын шашныг дангаар хөхиүлэн дэмжигч Монгол ноёдтойгоо үзэл санаа зөрчилдөж, улмаар тэдний эсрэг улааны урсгалынхны/улаан малгайтнууд/ дэмжлэгтэйгээр зэвсэг барин боссоноор өөрөө алагдан, хоёр талын гэм зэмгүй олон монголчуудын цус урссан нь бодит түүх шүү дээ. Бүгдээрээ нэг шашны “тугийн дор” орсноор улс оронд эв нэгдэл, энх амгалан бий болдоггүйн жишээг холоос хайх хэрэггүй. Хоёулаа Далай ламын нэгэн үеийн гарын шавь нар болох Ойрдын Галдан бошигт, Анхдугаар Богд Занабазар нарын зөрчил тэмцэл, монголчуудын цусыг далай мэт урсгасан байлдаан тулаан, Монгол улсын тусгаар тогтнолын мөхөл сүйрлийн талаар мэдэхгүй хүн цөөн байх. Хубилай хаанаас хойшхи Монголын Их гүрний дотоод хагарал, мөхөл сүйрэлд Түвдийн шашин, Монголын төрд шургалсан өндөр эрх мэдэлтэй санваартнуудын явууллага гол үүрэг гүйцэтгэсэн байдаг билээ. Ерөөс Монголд шарын шашин хамгийн ид оргилдоо хүрэх бүрт л Монгол улс тэр чинээгээр удуудан доройтсон байдгийг түүхээс харж болно. Магадгүй, эсрэгээр Монгол улс хамгийн ихээр сулран доройтох үед л шарын шашин хамгийн ихээр хүчээ авдаг байсан байж ч болох юм. Ямар ч гэсэн Монголын доройтол, шарын шашны цэцэглэл хоёр ямагт нэгэн цаг үед давхцан тохиосон байдаг юм билээ. Түвдийн шашин дэлгэрснээр сайн сайхан цаг ирдэг байсан сан бол та бид өнгөрсөн зуунуудад мөн ч их жаргах байсан даа.

Очирвани шүтээнийг залвал Монгол улс хөгжин дэгжинэ гэдгийг, уг шүтээн нь монголчуудын “эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл” гэдгийг хэн, яаж баталсан юм бэ? “Лу.Алтан товч” дахь “Чингис хааныг Гунгаанямбуу нэрт лам эх барьж авсан, хажууд нь хоёр хятад байж байгаад хадан дээр бичсэн…” мэт хэврэг, ямар ч баталгаа нотолгоогүй эх сурвалжийг эш үндэс болгоод байна уу? Бид 21-р зуунд амьдарч, энэ дэлхийн бүх л улс орнууд мухаг сүсгээр бус шинжлэх ухааны ололт нээлтүүдэд дулдуйдан хөгжиж байна шүү дээ. Ямар ч шашныг “авч хэлэлцдэггүй” байсан гэдэг нь дэлхий нийтэд хэдий нь батлагдсан Чингис хааныг Очирвани бурхны хувилгаан хэмээн итгүүлэхийг чармайгч санваартан маань өчүүхэн ч үнэмшилтэй үг хэлж чадаагүй боловч харин бидний мэдэж байх ёстой, мэдсэнээрээ Чингис хаан бол Түвдийн шашны төлөөлөгч биш гэдгийг ойлгох учиртай баримтуудыг ярилцлагадаа дурьдаж, ярьж буйгаа эсрэгээр баталжээ. Тэр нь 1570-аад оны сүүлчээр Түмэдийн Алтан хаан Түвдийн шашны тэргүүн Содномжамцыг нутагтаа залан авчирсныг сонсоод Халхын Абтай хаан очиж бараалхсанаар түүнээс “Очирваанийн хувилгаан” цолыг Монгол хаадаас анх хүртсэн, тиймээс та бид Очирванийг онцгойлон шүтэх учиртай тухай юм. Тийм ээ, ийм явдал болсон гэдгийг олон түүхчид бичсэн буй. Чингис хаан Очирваанийн хувилгаан биш гэдгийг мэдэхэд ганц энэ баримт л хангалттай бус уу? Нэмэн өгүүлэхэд, энэ удаагийн уулзалтаар Содномжамцдаа наадуул нь хариу барьж “хамаг бүхнийг айлдагч Очирдарь Далай лам” цол өргөмжилснөөр энэ цол хойшид үргэлжилснээр барахгүй нөгөөх Алтан хааны гуч нь Түвдэд Содномжамцын дараагийн буюу IV Далай ламаар, Абтай хааны гуч нь Монголд Анхдугаар Богдоор өргөмжлөгдсөн гэдэг. Энэ бол Монголын төр Түвдийн шарын шашны эрхшээлд тэр чигээрээ орсон гашуун түүхийн эхлэл байсан. Түүнээс хойш Түмэн засагт хаан, Монголын хамгийн сүүлчийн Их хаан Лигдэн гээд цөм л шарын шашны өмнө хүчин мөхөсдөж, эрхшээлд нь орон дагалдаж, уруудсаар 1921 онтой золгоход Монгол улс ямар байдалтай болсон байсныг бүгдээр мэдэх билээ.

Монгол, Түвд хоёрт Буддын шашинтай бусад олон улс оронтой харьцуулахад Бурхан багшийн сургаалыг шашинжуулсан хувилбаруудаас хамгийн муу нь үлдсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг нь өнөө эргээд харахад оргүй ч зүйл биш мэт. Буддын шашинтай орнууд л бусад орнуудаас илүү хөгжилтэй байдаг хэмээн Гандан хийдийн хамба ламтан зурагтаар айлдаж нүүр халууцуулсан бол “Өнөөдөр”-т ярилцлага өгөгч том лам: “Бурхан шашны номлол Европ хийгээд дэлхийн олон оронд маш их дэлгэрч байгаа. Энэ шашинд дандаа оюунлиг, ухаалаг хүмүүс нь орж байна” хэмээн гудиггүй залжээ. Хамгийн мулгуу тэнэгүүд нь ямар шашинд орж байгааг нэр заан дурьдаагүй нь л яамай даа. Өнөөдөр Монголд 260 гаруй Бурханы шашны дуган, хийд байгаа ба тэдгээрт 4000 шахам лам хувраг байгаа гэсэн тоог Ерөнхийлөгч үгэндээ дурьджээ. Үүний лав талаас илүү хувь нь бүрэн хөдөлмөрийн чадвартай идэр залуу эрчүүд байгаа даа. Тэд тэнд ямар материаллаг болон оюуны баялаг бүтээж эх орныхоо хөгжилд тус нэмэр болж байна вэ? Эдүгээ манайд билгийн тооллын гэх болсон Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэзээ тохиохыг хэлж мэдэх лам ч, хийд ч алга байгаагаас хувиараа зурхай сонирхогчдын дунд жил бүр бөөн маргаан дэгддэг болов. Яах учраа олохгүй ард иргэд дэмий л Гандангийн том хуврагуудын амыг харах боловч хамгийн гунигтай нь энэ жил/Хулгана жил/ гэхэд л тэдний “мэдлэгийн ачаар” шинийн нэгэнд бус хоёронд золгосноо маргааш нь нийтээр мэдэцгээв. Хичнээн хүнийг гэгээрүүлж, оюун ухааныг нь тэлж, ертөнцийг үзэх үзлийг нь зөвөөр төлөвшүүлж байна вэ? “Алтангэрэлийн даллага” авахуулах юмуу “Жанлавцогзол”-ыг түвд хэл дээр уншихыг сонсож, малгайгаа өвөртөө хийн хэдэн цагаар наминчлан залбирч суух дуган дүүрэн хүнээс хэд нь орчлон ертөнцийн зүй тогтол, хүний амьдралын утга учир, зовлон хийгээд жаргалын шалтгааныг ухаж мэдээд тэндээс гардаг бол?

Хэдхэн жилийн өмнө бид ямар их сүр дуулиантайгаар, бүх ард түмний хандив өргөлөөр Мэгжид Жанрайсаг шүтээнийг босголоо? Гэтэл “Өнөөдөр”-тэй ярилцагч санваартан маань Жанрайсиг бол Түвдийн шүтээн, Мандшир нь Хятадуудынх, Очирвани нь Монголынх гэж айлдаж байна. Одоо Жанрайсигээ нурааж Түвд рүү ачуулаад Очирвани шүтээнээ оронд нь босгох хэрэгтэй болсон учраас Ерөнхийлөгч зарлиг буулгасан гэж ойлгогдож байна. Өөрөө хувь хүнийхээ хувьд Түвдийн шашин, бурхад, тэр дундаа Очирвани шүтээн нь Монголын хөгжилд, монголчуудыг “сайн хүн болоход” гарцаагүй тус болно, бусад хүмүүсийн олонхи нь мөн ингэж боддог гэсэн итгэл үнэмшилтэй учраас л ийм зүйл хийгээд байгаа байх л даа. Тийм ч учраас дээр өгүүлсэн уулзалтынхаа төгсгөлд: “… Энэ онд … Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар бүх иргэдийн хувь хандиваар бүтээгдэж байгаа монголчуудын болон монгол төрийн эв нэгдэл, хүч чадлын бэлгэдэл Очирвани шүтээн нийтэд дэлгэрнэ” хэмээн бахархалтайгаар айлдсан буй заа. Түвдчүүд шашнаа дэлгэрүүлэх үйлд Монголын төрийн зүтгэлтнүүдийг ашиглаж, төрийн өндөр алба руу мацагсад шашныг зорилгодоо ашиглаж, нэг үгээр хэлбэл “харилцан ашигтай” ажилладаг байсан зарчим дахин сэргэж магадгүй байдал сүүлийн үед илт ажиглагдах боллоо. Ийм явдал гарахаас болгоомжлон сэргийлсэн, зохицуулсан Монгол улсын хуулиудыг ч үл тоох болов.

Ерөнхийлөгчийн дээрх үйлдэл нь “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн 5-р зүйлийн 2-т: “Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол улсын Ерөнхийлөгч зохицуулна” гэсэн заалттай хэр нийцэж буйг ард нийт болгоох бизээ. Өнөөдөр сонгууль дөхөөд, эрх мэдлийн төлөө улайрсан тэмцэл эхэлж буй үед улс төрийн намууд шарын шашны сүм хийдүүд, лам хуврагуудаас “аврал” эрж ч байгаа юмуу, аль эсвэл монголчууд цөмөөрөө Түвдийн шашинтан гэж бодож тэдний “хайрыг татах” гээд байгаа юмуу сонин сонин ааш авир үзүүлэх боллоо. Түвдийн шашныг төрийн албан ёсны шашин болгоно ч гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэж ч байх шиг. Гэтэл мөн дээрх хуулийн 4-р зүйлийн 7-д: “Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах,…-ыг хориглоно” гэж заасан байх жишээтэй. Хэнд, юунд хамаатай хууль, заалтууд вэ, эдгээр нь? Үнэхээрийн өөрсдийн зорилгодоо хүрэх, бодож төлөвлөснөө хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаа бол ядаж хамгийн энгийн судалгаа хийдэг нь олон улсад хэдий нь хэвшсэн арга барил шүү дээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас нийт ард иргэдийн дунд санал асуулга явуулаад үзвэл тэдний хэдэн хувь нь Очирвани шүтээн Монголыг аврана гэж итгэж байгаа, хэдэн хувь нь түүнд мөнгө төгрөг хандивлахад бэлэн байгаа нь бодитоор харагдана. Түвдийн шашныг төрийн шашин болгоно гэсэн зорилт дэвшүүлэн сурталчлахад олонхид таалагдан манай нам сонгуульд амжилт олно гэж тооцож байгаа нь хэтэрхий хялбаршуулсан, хэтэрхий гэнэн, бас хэтэрхий хариуцлагагүй явдал билээ. Манай төр, нам, шашны зүтгэлтнүүд гүн ухаан, шашин хоёрын ялгааг мэддэггүй, яагаад төр шашин хоёрын үйлийг хутгалдуулж болдоггүйг ойлгодоггүй юм гэж итгэхэд бэрх ч хэзээ хойно XVI зуунд Монголд нэвтэрсэн шарын шашны үзэгдлүүдийг Чингис хаантай холбон тайлбарлаж, санаснаа гүйцэлдүүлэхийн тулд энэ их хүний нэрийг “байхгүй хойгуур” нь гул барьж буй нь нэг талаас жирийн иргэд биднийгээ дэндүү басамжилсан, нөгөө талаас ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэсэн хэрэг билээ.

Тэгээд зогсохгүй Засгийн ордны өмнө хөшөөг нь босгосон гурван хаан нь Очирвани, Жанрайсиг, Мандшир бурхны хувилгаад учир тэр бурхдаар “амилуулах” хэрэгтэй гэсэн шаардлагыг зарим томоохон хуврагуудын зүгээс төрд тасралтгүй тавьсаар байгаа сураг ч чих дэлдсэнийг дашрамд хэлчихье. Эдгээр үйлдлүүдийн цаана эрх мэдэл, эдийн засгийн томоохон ашиг сонирхол нуугдаж байгаа гэж хардагчдыг буруутгах аргагүй.

Гэвч би үүнийг бичихдээ Монгол орныг, монголчуудын амьдрал ахуйг хэзээ ч шашин өөд нь татаж байгаагүй, хэзээ ч өөд нь татахгүй гэдгийг л уншигчдад сануулахаас өөр ямар ч зорилго агуулаагүй гэдгийг эцэст тэмдэглье.

P.S. Ýíý íèéòëýëèéã ºíãºðñºí æèëèéí õàâàð áè÷èæ “Olloo.mn” ñàéòàä òàâüæ áàéñàí.

Т.НАРАН

Posted in Улс төр | Leave a Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.